Кличко Британийн Тайсон Фюрид ялагдлаа

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх тулаан өчигдөр Украины боксчин Владимир Кличко болон Британийн боксчин Тайсон Фюри нарын хооронд боллоо. Тулаан Герман улсын Дюссельдорф хотын “Esprit Arena” цэнгэлдэхэд зохион байгуулагдаж 50 мянган хүн үзжээ.
Тоглолт 12 үе явагдаж шүүгчдийн үнэлгээгээр (115-112, 115-112, 116-111) Их Британийн боксчин Фюри ялалт байгуулжээ. Ийнхүү Кличко 11 жилийн дараа анх удаагаа ялагдал хүлээж, “WBA”, “WBO” болон “IFB” холбооны аваргын бүсээ алдахад хүрчээ.
Тулааны дараа Фюри “Гал гарсан тулаан боллоо. Үнэхээр сэтгэл хангалуун байна” гэсэн бол Кличко “Би дахин тулалдах болно” гэсэн байна.
39 настай Кличко 64 тулаан хийж, 61-т ялалт байгуулсан бол 27 настай Фюри 24 тулаан хийж, ганц ч ялагдаагүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ