”Цөмөөхэй”-г нээнэ

img

Алдарт "Цөмөөхэй" балетын нээлтийн тоглолт өнөөдөр 17:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг энэ сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд  тоглох билээ.

 

Дэлхийн таван тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглож байсан. Харин энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм. 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ