Самуэль Жэксон: Би цус сорогч

Холливуудын нэрт жүжигчин Самуэль Жэксоны “www.cosmopolitan.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “The Hateful Eight” буюу “Өшөөт найм” киноны гол дүрийг бүтээжээ. Уг бүтээл энэ сарын 24-нд нээлтээ хийх юм.
-Сонирхолтой ярилцлага өгнө гэдэгт итгэлтэй байна. Удаан хугацааны дараа кино урлагтаа эргэн ирлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Ярилцлага сайн, муу болох нь ер нь надтай бус чамтай шууд холбоотой. Би мэдээж асуугаагүй асуултад өөрийн хүслээр хариулахгүй. Өнөөдрийн ярилцлага амжилт олох эсэх нь чиний мэдрэмжээс шалтгаална. Би өөрийгөө цус сорогч гэж хэлэх дуртай. Би кино урлагийн тусламжтай үүрд амьдрах боломжтой болсон. Би кино урлагаар цэнэглэгддэг.
-Ярилцлагын эхнээс л би сэтгэл хөдлөлийг олж харлаа. Хэрвээ би муу байвал та намайг цохиод авч магадгүй гэдгийг. Үнэхээр анхааруулгатай ярилцлага болох нь ээ?
-Би муу залуу шиг харагддаг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ надад хайрлах, хүндлэх сэтгэл гэж бий шүү. Би бол зүрх сэтгэлтэй нэгэн.
Хэдхэн хоногийн дараа таны тоглосон цоо шинэ кино нээлтээ хийнэ?
-Шинэ хүүхдээ өлгийдөн авах гэж буй учир их жаргалтай байна. Зарим он жилүүдэд ихэр хүүхэд, ихэр уран бүтээлүүд өлгийдөн авч байлаа. 2013 оны долоодугаар сараас хойш “Өшөөт найм” киноны зураг авалтад оролцсон. Их удаан хугацааны дараа хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа болохоор сэтгэл их хөдөлж байна.
-Кино урлаг танд ийнхүү төсөөлөгддөг, бодогддог байх нь ээ. Кино бол таны хүүхэд. Кино урлаг бол таны цэнэглэгч. Их сайхан төсөөлөл байна?
-Энэ бол төсөөлөл биш. Энэ бол бодит үнэн.
-Хэрвээ хувь тавилан өөрөөр эргэсэн бол өнөөдөр та ямархуу өндөрлөгт явж байх бол?
-Мэдэхгүй байна. Одоогийн ертөнц надад таалагдаж байна. Тиймээс өөр ертөнц, хувь тавилангийн талаар бодохыг хүсэхгүй байна. Би ер нь тийм ч их юм бодох дургүй.
-Энэ зүгээр л сонирхолтой асуулт. Та цагаан арьстай болохыг мөрөөдөж байсан уу?
-Майкл Жексон шиг арьсаа солих талаар уу. Эсвэл өнгөт арьстай болгож төрүүлсэн ээждээ гомдох уу. Залуу минь би хэлсэн шүү дээ. Олон юм бодох дургүй гэж. Тиймээс иймэрхүү утгагүй зүйлийн талаар бодохыг хүсэхгүй байна.
-Уран бүтээлийн тухай ярилцъя. Та найруулагч Куинтин Тарантиногийн “Өшөөт найм” кинонд тоглосон. Киноныхоо үйл явдлын тухай дурьдвал?
-Цасан шуурганаар оромж хайж яваа анчдын тухай өгүүлэх болно. Энэ киногоор амьдрал амаргүй даваа гэдгийг ойлгуулахыг зорьсон. Иргэний дайны үеийг харуулж байгаа. Кинонд Курт Рассел, Женнифер Жэйсон Лэй нар тоглосон. Тэдэнтэй хамтран ажиллах таатай бас тухтай байсан. Надад чадварлаг, мэргэжилдээ эзэн болсон хүмүүс таалагддаг.
-Та яагаад энэ кинонд тоглохыг зөвшөөрөв. Энэ киноны юу таныг дүр бүтээхэд нөлөөлөв?
-Сайхан асуулт байна. Надад таалагдаж байна. “Өшөөт найм” киноны зохиол надад шуудангаар ирсэн. Би зохиолын эхний хуудсыг нээгээд л өөрийнхөө оюун санааг эзэмдүүлчихсэн. Үнэхээр сонирхолтой, уран бүтээлч болсон жилээсээ л би миний ур чадварыг тодотгох уран бүтээлд тоглохыг мөрөөдсөн. Миний мөрөөдлийн зохиол. Зохиолоо уншиж дуусаад л би нойргүй хоносон гэдгээ мэдсэн.
-Дүрээ бүтээхдээ ямар зүйл дээр анхаарав?
-Жүжиглэлт. Зохиолын дагуу дүрээ амилуулах дээр гол анхаарлаа хандуулсан.
-Таны тоглосон кино бүр амжилт олдог. Энэ тухай?
-Надад хайртай хүмүүс бий гэдгийг батлах тод баталгаа.
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар та ихээхэн оролцоотой ажиллаж, өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг дэмжихийг уриалж байлаа. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Та хувьдаа хэнийг дэмжиж байна?
-Улсдаа хайртай л хүн Ерөнхийлөгч болоосой. Шийдвэр гаргах бүрдээ эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ бодох хэрэгтэй. Биднийг эрсдэлд оруулах хүн америкчуудад хэрэггүй. Бидэнд энэ улсыг хайрлах жинхэнэ Америк хүн хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ