Браун зочноо зодож цагдаад баригджээ

Дуучин Крис Браун Лас Вегас хотын “Palms” зочид буудалд энэ амралтын өдөр үдэшлэг зохион байгуулжээ. Тэрбээр өөртэй нь зургаа авахуулахыг хүссэн эмэгтэйг зодож, цагдаагийнханд баригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хохирогч бүсгүй зочдынх нь нэг байсан аж. Тэрбээр дуучинтай селфи хийхийг хүссэн гэнэ. “Би Браун дээр очоод надтай зургаа авахуулаач гэж хүссэн. Намайг ийнхүү хэлсний дараа тэрбээр их уурлаж, миний нүүр рүү хоёр удаа хүчтэй цохисон. Хажууд байсан залуу намайг аварсан” гэж хохирогч эмэгтэй ярьжээ.
Цагдаагийнхан дуучин залууг танхайн хэргээр баривчилсан хэдий ч Брауны талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Хохирогч гэгдээд буй бүсгүйг Лизиане Гутиеррез гэдэг аж. Бразилийн иргэн тэрбээр модель мэргэжилтэй гэнэ. Түүнийг интернэт хэрэглэгчид Бразилийн Кардашиан гэдэг байна.
Браун 2009 оны дөрөвдүгээр сард найз бүсгүй Рианнаг зодож, танхайрсныхаа төлөө таван жилийн тэнсэн харгалзах ял болон 108 цаг олон нийтийн ажил хийх ялаар шийтгүүлсэн. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард найз бүсгүй Курриче Траны биед гэмтэл учруулсан хэмээн баригдсан юм. Түүнийг баригдаад хоёр хоногийн дараа Тран гомдолгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ