Леонардо ди Каприо: Хэн байснаа хэзээ ч бүү март

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо энэ амралтын өдөр “ABC” телевизийн “Ододтой ярилцах уу” шоунд уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Revenant” буюу “Амьд үлдэгч” кинонд тоглосон юм.
-Таныг харж буйдаа баяртай байна.
-Би ч бас.
-Зул сарын баяраа хэрхэн тэмдэглэв. Баярын сонин сайхнаасаа хуваалцаач?
-Уламжлал ёсоор гэр бүлийнхээ хамтаар баярын ширээний ард сууж, хуучны дурсамжаа сэргээн ярилцсан. Ер нь хүн хэн байснаа хэзээ ч бүү март. Өнгөрсөн бүхнээ мартахыг хүсдэг хүмүүс бий. Гэхдээ тэр өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч давтагдашгүй гэдгийг ухаар. Ээжтэйгээ уулзах бүртээ өөрийгөө багадаа ямар хүүхэд байсныг асуудаг. Би их дүрсгүй хүүхэд байсан гэдэг.
-Үнэхээр гайхалтай бас сэтгэл хөдөлгөсөн Зул сар болжээ. Ээж тань танаас ямар асуулт үргэлж асуудаг вэ?
-“Миний хүү хэзээ гэрлэж, хүүхэдтэй болох вэ” хэмээн асуудаг.
-Яагаад ээжийнхээ хүслийг биелүүлэхгүй өдий хүртэл явна вэ. Таныг нэг бус бүсгүйтэй нэр холбогдож байсныг мэднэ. Сонголт тань үргэлж олны танил халуухан бүсгүйчүүд. Өнөөдрийг хүртэл хуримаа хийхгүй байгаа шалтгаан тань?
-Мэдэхгүй юм даа. Би өнөөдрийн амьдрал, өнөөдрийн өөртөө сэтгэл өндөр байна. Гэр бүлийн тухай бодож үзээгүй биш олон ч удаа бодож үзсэн. Гэхдээ хүлээхийг илүүд үзэж байна.
-Юуг ингэтлээ удаан хүлээгээд байгаа юм бэ?
-Өөрөө ч мэдэхгүй байна.
-Эхнэр, хүүхэд болон хуримын тухай таны бодлыг ойлголоо. Та зүгээр л хүлээхийг илүүд үзэж байгаа бололтой. Хэрвээ таны зорчиж яваа хөлөг онгоц осолдвол та амьд үлдэхийн тулд тэмцэхээс илүү аврагчид ирэхийг хүлээх бололтой?
-Гэр бүл болон амь нас хоёр ондоо. Мэдээж хэрэг би амьд үлдэхийг илүүд үзэх болно. Би зүгээр ч нэг үхэхгүй шүү. Бүхий л боломжийг ашиглах болно.
-/Үзэгчийн асуулт/: Гэхдээ та Титаник кино дээр хайртай бүсгүйнхээ төлөө өөрийнхөө амийг эрсдэлд оруулсан шүү дээ?
-Кино, бодит амьдрал хоёр өөр. Гэхдээ би эр хүний хувиар хайртай бүсгүйнхээ амийг аврах болно.
-Та өөрийгөө чадварлаг жүжигчин гэж боддог уу?
-Би өөрийнхөө тоглосон киног үзээд уйддаггүй.
-Сүүлд “The Revenant” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээл албан ёсоор нээлтээ хийгээгүй ч хэд хэдэн трейлер нь цацагдаад байгаа. Киноны танилцуулгыг уншиж байхад 1800-аад оны үйл явдлыг харуулна гэсэн?
-1823 оны үеийг харуулна. Би анх удаагаа анчны дүр бүтээсэн.
-Киноны үйл явдал хаана үргэлжлэх вэ?
-Өмнөд Дакота мужийн хилийн ойролцоо үргэлжлэх болно. Ан авлахаар явж буй анчин баавгайн дайралтад өртөх тухай өгүүлнэ.
-Хүн, баавгай хоёрын дайсагнал эсвэл нөхөрлөлийн тухай өгүүлэх үү?
-Тулаан. Тэмцэл гэх мэт. Хүүхэлдэйн кино биш учир баавгайтай найзлахгүй ээ.
-Яагаад тэр баавгай гол дүр болов?
-Ан хийхээр явж байхдаа анчин эр эмэгчин баавгайтай нүүр тулна. Би анчны хувиар өөрийгөө хамгаалахаар тэмцэж буйгаар энэ кинонд гарна. Гэхдээ баавгайн огцом үйлдлийн тухай тайлбарлавал баавгай бамбаруушаа анчнаас хамгаалахаар тэмцэж буй юм. Ер нь хүн болон амьтан хоёрын өөрийгөө болон бусдыг хамгаалах үзлийн тухай энэ кинонд өгүүлэх юм.
-Анчны нэр?
-Глэс.
-Глэсийн дүр хэр хүнд байв?
-Алдаа гаргах боломжгүй дүр.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ