С.Хишигжаргал: Би хийгээгүй бол өөр хэн нэгэн хийх л байсан

Залуу дуучин С.Хишигжаргал 9 дуу бүхий анхны цомгоо гаргажээ. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-“I am...khishigee” гэж цомгоо нэрлэжээ. Нэрний дундах гурван цэгийн учрыг асуумаар байна?
-Энэ гурван цэг их утгатай. Энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр өөрийгөө танилцуулж, илэрхийлж, олон уран бүтээл туурвиж олон жилийн дараа энэ цэгүүдийг бөглөж дуусгана. Дуусгах хүртлээ хөдөлмөрлөнө гэсэн санааг илтгэх юм. Би аялал жуулчлалын менежер, хэл судлаач мэргэжилтэй. Гэхдээ дуучин болно гэдэг миний багын мөрөөдөл байсан.
-Мөрөөдсөн болохоор л дуучин болчихгүй?
-Зарим хүн жинхэнэ мөрөөдлөө хүнд хэлэхээс ичдэг. Хэзээ ч би тэр мөрөөдөлд хүрэхгүй, тэр замаасаа холдчихсон гэж дүгнэдэг. Миний чин хүсэл дуулах байсан. Багаасаа, хэлд орохдоо л дуулж эхэлсэн. Тийм болохоор энэ бол миний 20 жилийн турш хүсч тэмүүлсэн мөрөөдөл. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хамгийн анх зориглож “Universe Best Songs-2011” наадамд оролцсон. Ер нь миний анхны юм бүхэн маш амжилттай явж байгаа гэж боддог.
-Ивээн тэтгэгч байхгүй, бор зүрхээрээ цомгоо гаргасан гэж продюсер Ангирмаа ярилаа?
-Миний цомогт ямар нэгэн албан байгууллагын лого байршаагүй, хэн нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэ бол миний бор зүрхээрээ бүтээсэн анхны цомог. Гэхдээ энэ бүгдийн цаана үргэлж надтай хамт байсан продюсер Ангирмаа эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Бор зүрхээрээ гэхээр хичнээн төгрөгөөр цомог бүтсэн юм бол?
-Цомгоо 1000 хувь хэвлүүлсэн. Нэг дуу 3 сая төгрөгөөр бүтдэг. 10 дуугаа бэлэн болгохын тулд 30 сая төгрөг зарцуулсан. Цомог “Hi Fi”, “Orange” рекордсын салбараар 12 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдана.
-“Хоёулаа унтах уу” уран сайхны кинонд дүр бүтээгээд амжсан. Тэрнээс хойш “янаг, ялдам” гэх тодотгол нэрний тань урд явах болж. Уран бүтээлээс чинь хараад байхад ч тэр байдлаараа бусдаас ялгарах гээд байх шиг санагддаг?
-Би кино урлагийг маш их хүндэлдэг. Жүжигчин гэдэг маш гайхалтай мэргэжил. Тийм учраас би өөрийгөө сорьж үзье гээд тэр дүрд тоглосон. Би хийхгүй бол өөр хэн нэгэн хийх л байсан. Кино гарсны дараа хүмүүс их шүүмжилдэг байсан. Тэр бүгдийг их эмзэглэн хүлээж авдаг байлаа. Харин одоо бол үгүй. Хүмүүст шүүмжлэх орон зай үлдээх ёстой юм шиг байна билээ.
-Дараа дараагийн уран бүтээлдээ ямар өнгө аясыг илэрхийлэх вэ?
-Миний цомгийн зурагнаас харж байгаа байх. Нүүр зурагтаа нэг нүдээ ил гаргасан байгаа бол арын зурагт хоёр нүдээ далдалсан байгаа. Тэгэхээр хөзөр дэлгээтэй байхдаа сонин биш байдаг шиг эхнээсээ л нууцлаг байхыг хүсч байна. Дараа дараагийн уран бүтээл энэ цомогт орсон 9 дуунаас илүү гайхалтай байх болно гэдгийг л хэлье. Энэ дөнгөж миний уран бүтээлийн эхлэл, нэрийн хуудас болох учраас би их даруухан ажиллалаа.
-Анхны цомгийнхоо ард гарлаа. Хамгийн түрүүнд хэнд талархах вэ?
-Сонсогч, фенүүддээ гэж ярихад эрт байна. Намайг сонсох дуртай хүмүүс, найз нартаа баярлалаа. Энэ цомогт орсон бүх дууг би бүх зүрх сэтгэлээрээ таны ертөнц рүү дуулсан юм шүү.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ