“Төгсгөлгүй эхлэл” дэлгэгджээ

“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын “Төгсгөлгүй эхлэл” цуврал гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Мөн нийгмийн асуудал хөндсөн, гэрэл зургийн түүх өгүүлэх номын хуримаа хийв. Түүний ном болон гэрэл зургийн үзэсгэлэнд нь “Модны хулгай”, “Дотуур байр”, “Улаанбаатарын моод” зэрэг сэдэвчилсэн 130 гаруй баримтат болон асуудал хөндсөн гэрэл зураг багтжээ. Энэ нь зурагчны 2011 оноос хойш авсан уран бүтээл аж.
Гэрэл зургийн үзэсгэлэн гарах долоо хоногийн хугацаанд гэрэл зургийн холбогдолтой олон улсын киног монгол хэлээр орчуулан гаргах юм байна.
Нэгдүгээр сарын 12-ны 18 цагт “Finding Vivian Maier”баримтат кино /1 цаг 24 мин/
Нэгдүгээр сарын 14-ны 18 цагт “Bang bang club” уран сайхны кино /1 цаг 46 мин/
Нэгдүгээр сарын 16-ны 18 цагт “The salt of the Earth” баримтат кино /1 цаг 50 мин/ тус тус гарах аж.
Д.Давааням өмнө нь “Чингис хааны нутаг миний нүдээр” анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн “Хүүхдийн хүчирхийллээ яг одоо зогсоо”, “Мэдрэмж ба хандлага” сэдэвт үзэсгэлэнгээ Франц улсад гаргаж байв. Монголын гэрэл зургийн салбарт оруулж буй түүний хувь нэмрийг үнэлэн 2015 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр шалгаруулжээ.
“Төгсгөлгүй эхлэл” үзэсгэлэн “Лилиум галерай лоунж”-д энэ сарын 16-ныг дуустал дэлгэгдэх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ