Монголчууд Монголоо бүтээхэд бэлэн болжээ

Аж үйлдвэрийн яамнаас 2016 оны “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлалаа.
Энэ үгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр тавьсан илтгэлдээ онцлов. Өмсөх оймс, идэх чихрээсээ эхлээд бүгдийг хойно, урдаас зөөдөг байсан цаг саяхан. Хэдийгээр Монгол Улс иж бүрэн үйлдвэрлэгч орон болж чадаагүй байгаа ч бидэнд бүтээдэг зүйл цөөнгүй бий. Ноос ноолууран эдлэлээс эхлээд машин механизм хүртэл бүтээж, түүгээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж буй улсын аж үйлдвэрийн салбарыг хариуцаж буй сайд ийм үгийг хэлэх нь зүй ёсны хэрэг биз ээ.
Аж үйлдвэрийн яамнаас 2016 оны “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ нь үндэсний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодит ажлын үндэс суурь болно. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3 тэрбум ам.доллар буюу 4.6 их наяд төгрөгийн 4 төсөл хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд үндэсний хөрөнгө оруулагчдын оруулсан бодит хөрөнгө оруулалт 963.1 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Их наядаар хэмжигдэж буй энэ тоо жил бүр өсвөл үндэсний хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, том зургаар бол Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч орон болно.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Өөрийнхөө итгэл, сэтгэл, хөрөнгө санхүүгээ зориулж, бүтээж, байгуулж, үйлдвэрлэж байгаа хэнд ч болов Монголын төр, ард иргэд хүндэтгэлтэй хандаж дэмжих болно” гэв. Хийж бүтээх хүсэл зорилготой залуус өнгөрсөн хугацаанд өөрсдийн хөрөнгө болох 2.4 их наяд төгрөгийг үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулжээ. Энгийнээр бодоход үйлдвэрлэгчид өөрсдийн хувийн бизнесээ эрхэлж байгаа мэт боловч монгол хүнийг ажилтай, орлоготой болгож, иргэдийн хэрэгцээг хангаж, улсын төсөвт орлого төвлөрүүлж, эдийн засгийн том хөдөлгөгч хүч болж буй.
Үндэсний үйлдвэрлэгчид улсын төсөвтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг эргүүлж байна. Нийт 6.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа нь монголчууд Монголоо бүтээхэд бэлэн болсны илрэл юм.
Зөвхөн уул уурхай Монголыг гэрэлтүүлэхгүй гэдгийг бид хангалттай харж, мэдэрч буй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унахад л Монголын эдийн засаг савлаж, хүндрэлд орж буй. Тиймээс л үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлээ дэмжиж, тэднээрээ дамжуулж, эдийн засгаа аврах боломж байгааг төр олж харсан. Тиймдээ ч сүүлийн 2-3 жилд үйлдвэрлэгчдийг дэмжсэн том бодлого гаргаж, хууль ч баталсан. Татварын тодорхой дэмжлэгийг ч үзүүлсэн. Гэхдээ энэ бүхэн төгс зохицуулалт болохгүй байгааг, үйлдвэрлэгчид борлуулалт гэх толгойны өвчинтэй хэвээр буйгаа тэд учирласаар байна.
Нийгмийн баялгийн 70-80 хувийг бүтээж байгаа хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгчид гэх том арми аль хэдийнэ бий болж, орон зайгаа эрэлхийлж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ дотоодын хийгээд гадны зах зээлийг эзэгнэх дүүрэн хүсэлтэйгээр эд хийж, бүтээж, байгуулж байна.
Аж үйлдвэрийн тэргүүн дээд шагналт Шилдэг үйлдвэрлэгчид
“ЭРДЭНЭТ ХИВС”ХХК
Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Эрдэнэт хивс” компани нь жилдээ 1 сая 500 мянган метр квадрат хивс нэхэх, 2 сая тонн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 4 сая 400 мянган тонн ноос угаах үндсэн 3 үйлдвэртэй, 1400 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Монгол Улсын хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэр нь Чингис бондоос 2013-2014 онд 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.
“ДЕНИМОН”ХХК
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Денимон” компани нь 2014 онд Чингис бондоос 600 сая төгрөгийн санхүүжилт авч, “Урбан Жийнс” (Urban Jeans) брэндийг бий болгосноор нэг сард 10 мянга орчим жийнсэн хувцас үйлдвэрлэж байна.
“НАТУРАЛ ЭССЕНШЛС” ХХК
Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Натурал эссеншлс” компани нь Монголын эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалд тохирсон органик гоо сайхны үндэсний бүтээгдэхүүн “Лхамур” (LHAMOUR) брэндийг бий болгон үйлдвэрлэж байна.
ДАРХАН НЭХИЙ” ХК
Монгол Улсын х болох “Дархан нэхий” компани нь жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас, “Гутлын үйлдвэр” нь жилд 500 мянган хос гутал үйлдвэрлэж байна. Мөн тус компани нь “Адуу мал” брэндийг бий болгож Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж, монгол малын арьс ширний гайхамшигт онцлогийг дэлхийд таниулж байгаа экспортлогч байгууллага юм.
“ДОЛООН БОЛДОГ” ХХК
Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Долоон Болдог” компани нь 2004 онд үүсгэн байгуулагдсан, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн Монголын анхны компани бөгөөд “KitchenAll” нэрийн 4 салбар дэлгүүр, 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. “Долоон Болдог” группын охин компани "Зитоп" нь 2015 онд Чингис бондоос 5,9 тэрбум төгрөгийн зээл авч, 7.2 мянган метр квадрат талбайтай, БНСУ-ын техник тоног төхөөрөмж бүхий полиуретан, полистрол сендвичэн хавтангийн үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулаад байна.
“ЭКОЛОГБУС” ХХК
Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Экологбус” компани нь 2014 онд автобусны угсралтын үйлдвэрээ нээж, Монгол улсад анх удаа Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэгтэй J-800T загварын автобусаа үйлдвэрийн дамжлагаас гаргасан байна. 2006 оноос JEA-800 загварын тролейбус, дуобус, монбусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Евро стандартыг нутагшуулсан J-800T загварын автобус угсарчээ.
Монгол Улсын дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтаар тэргүүлэгч “Сонгинохангай” компани нь “Миний сүлжээ” дэлгүүр 19 салбартай үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд нийт 18 супермаркет, 1 хайпермаркет, 8 минимарт дэлгүүр болон орон нутагт 100 гаруй жижиглэн дэлгүүр ажиллуулж байна. Тус компани өөрийн супермаркетуудаар 10 мянга гаруй нэр төрлийн хүнсний болон ахуйн бараа, хайпермаркетаар 15 мянга орчим нэр төрлийн өргөн хэрэглээний барааг худалдаалдаг бөгөөд тус дэлгүүрт 600 гаруй аж ахуйн нэгж дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж 2015 оны байдлаар “Миний сүлжээ” дэлгүүр нь 40 тэрбум төгрөгийн түгээлт, борлуулалт хийсэн байна.
“ГОВЬ” ХК
Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Говь” компани нь сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндсэн 3 том үйлдвэр, 1250 гаруй ажилчинтай, ноолууран бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэл, худалдаа явуулдаг дэлхийн таван том компаний нэг юм. Тус компани нь 2015 онд 415 мянган ширхэг сүлжмэл, 172 мянган ширхэг нэхмэл, 30 мянган ширхэг оёмол буюу нийт 1,2 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодод 43,1 тэрбум, гадаадад 27,6 тэрбум, нийт 70,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ-ШОХОЙ” ХК
Монгол Улсын хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Хөтөлийн “Цемент-Шохой”-н үйлдвэр нь 4,8 сая тонн цемент, 1,2 сая тонн шохой, 2,5 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн шохойн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ