Зуданд нохой зоолж байна

img

Ингэж хэлэхээс өөр арга алга. Зээл. Энэ үг дундаж болон дунджаас доош төвшний айл өрхүүдэд “ээж ээ, аав аа” гэсэнтэй ялгаагүй сонсогддог болж.  Ах дүү төрөл садныдаа,  найз нөхөд, хөршийндөө яваад ороход л зээлтэй холбоотой асуудал яригдаж, “хүүтэй мөнгө зээлүүлэхгүй биз”, “мөнгө зээлүүлэх хүн байна уу, зээлийн хугацаа хэтрээд сүйд боллоо”,  “цалин буудаггүй, төрийн сан мөнгөгүй болсон гэнэ” гэхчилэн сонсохоос ч дургүй хүргэм зүйл чихэн дээр дүнгэнэлдэх болсоор хоёр дахь хаврынхаа нүүрийг үзэх нь.

Үнэндээ улс туйлдаж буй нь үнэн бололтой. Өнгөрсөн жилийн өдийд  арай  дээр байсан юм уу.  Ямартай ч орон сууцныхаа зээлийг гурав хоногоос хэтрүүлэлгүйгээр шийдчихдэг байсан юм.  Гэтэл энэ жил арайхийн сардаа багтан  зээлийнхээ ард гарч чадвал их юм болох шинжтэйдэг.



Цагаан сараар хөгшдийнхөө гар дээр 20 мянган төгрөг тавиад золгочихдог байсан, тэр ч лөөлөө болов бололтойдог. Мөнгөгүй гээд  ахмад буурлууддаа хүндлэл үзүүлэхгүй байлтай биш,  жижгэвтэр хадаг олж аваад л явна даа. Надтай адил толгойгоо салаавчилж хэвтээд ийн бодож, гиеүрсэн  хүн олон байгаа  биз.  Нөгөө зарим нь  гялайж гялтайх зүйлээ бариад ломбардад тавих тухай бодож байж ч мэднэ.  Бүр нөгөө хэсэг нь урдаа барих ганц хөрөнгө болох машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авчихаад өндөр хүүнд нь  бүдэрч ойчоод тэр чигээр нь тавьж туухаас өөр аргагүй байдалд орон тэнгэр хол, газар хатуу гэгч болсныг ч үгүйсгэхгүй.

Ер нь зуданд нохой зовлонд лам гэдэг үг хоосон зүйрлэл биш аж.  Эдийн засаг болохоо болих тийшээ хандах  байдал  анзаарагдаад эхэлмэц  хөрөнгө бэлтэй хүмүүс мөнгөнийхөө хэмжээгээр ломбард, банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж аваад хоног, хүү хоёроор хүүлэх шиг болдог байна. Сүүлийн үед ломбардууд  ашгаа бодоод хоногоо 30 биш арав болгочихсон байна лээ. Ингэхээр эргэлт хурдан, ашиг ч боломжийн байдаг гэж ломбард ажиллуулдаг дунд “гарынхан”   ярьж байна лээ.  Гурван жилийн өмнө энэ байгууллагаар оюутнууд голдуу үйлчлүүлж, эцэг эхийнхээ авч өгсөн ээмэг бөгж,гинж, гар утас зэргээ барьцаалдаг байсан юм, уг нь.

Гэтэл өнөөдөр  хөргөгч , зурагт, угаалгын машин,  цахилгаан пийшингээ бариад  гүйлдэх болсон байна. Тэгээд барьцаалж байсан авсан хэдэн төгрөгөө нөгөө тийш, банк руу бариад гүйх жишээний.  Ийм маягаар нэг, хоёр, гурван удаагийн зээл төлөлтийн ард гарах байх. Дөрөв дэх дээр нь юугаа барьж гүйх юм бол доо. Банк бусынхны хувьд   ээмэг бөгжнөөс арай илүү   саяас дээш төгрөг өгдөг болохоор шалгуур, шаардлага нь тэр хэрээр өндөр байх. Автомашинаа барьцааллаа  байлаа гэхэд   тээврийн хэрэгслээ Банк бус санхүүгийн  байгууллагын нэр шилжүүлнэ,  нэмж даатгал төлөх учиртай. Ингэхдээ өмнө нь төлсөн даатгал хүчингүй болдог гэмтэй. 

Автотээврийн газраар үйлчлүүлж буй 100 хүний 85 нь шахам өнөөдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ солиулах үйлчилгээг авч байгаа нь анзаарагдсан.  Банкны дарамтаас нэг удаа ч болов салах гэсэн иргэд өмнөх даатгалаа тоож байгаа юм алга.  Дуугүйхэн зогсч байгаад л бичиг баримтаа солиулж авахын түүс.  Тэгээд л доод тал нь  8-10 саяар худалдаж  авсан унаагаа дээд тал нь  гурван саяар барьцаалчихаж байгаа хэрэг.   Зээлийн гэрээний нөхцөл нь  их хатуу. Хугацаа хэтрээд арав хоноход тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын орлого  болгоно гээд заасан байх тул хугацаа хэтэрсэн тохиолдолд бүх зүйл дуусна л гэсэн үг. Тэгээд тэд таны машиныг  гэрийн чинь гаднаас илүү түлхүүрээр чинь авч яваад  сэвтэй бол жаахан засч янзлаад зах дээр гарган ченжүүдэд өгч орхино.

Яаж ч уйлж дуулаад, шүүхдээд  нэмэргүй. Зээлийн гэрээ нотиарадаар батлагдсан учраас шүү дээ. Ийм маягаар ядарсан ард түмэн  ломбард, банк бусынхныг тэжээн, тэд арьсандаа багтахгүй болтлоо таргалж,  сүүхэйтэй  нь  үйл ажиллагаагаа өргөжүүлэн ломбард нь банк бус, банк бус нь арилжааны банк байгуулдаг юм билээ. Гагцхүү тэдний шаардлага банкыг бодвол уян хатан, хүүгийнхээ мөнгийг л төлөөд байвал хэдэн ч удаа сунгаж болдогт л учир байгаа юм. 

Харин хөөрхийлөлтэй ард түмэн эцэст нь халаасан дахь талхаа үртэс ч үгүй болтол гүвчихээд толгойгоо гудайлган төр, засгаа хараасаар гудамжинд гардаг жамтай. Ийм л цаг үед та бид амьдарч байна. Тиймээс  арилжааны банкууд минь цаг үеэ ойлгоод зээлийнхээ бодлогод уян хатан байж, хугацаа хэтэрсний алданги тооцохоо түр хугацаагаар ч болов зогсоож,  нуруу нь цоорсон иргэдийнхээ амьдралд дэм болооч.

 

 

Ч.Чулуунцэцэг

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setguulch dutuu bodjee:
ene neg talaasaa tiim hedii ch uur talaas ni avch uzvel sain zuil ni iluu yum daa ontsiin shaardlagagui bj hen tedniig mashin avch una gesin arhidaj shoudaj bhaar ajil mergejildee ezen boloh ni yasiin .. odoo endees tom surgamj avaad heregleen deeree uhaantai handah heregtei bolloo germand ailuudiin ihenh huvi ni olon jil bolson tv gee uzeed suuj bna gene manaid bolhoor bugd negen zereg lCD AVSAN BIZ DEE odoo teriigee l tuluh gj zovj bgaa sh dee
2016-01-23
Зочин:
zarin uls turchid populizm hiihgui baih heregtei l de.amidral hetsuu bgaashte
2016-01-22
ард:
аргагуй л одоо тулгамдаад байгаа асуудал бичжээ . Авсан бол телелгуй яахав гэхдээ бодит байдал арай дэндуу хэцуу байдал руу орчихлоо банкнууд маань нэгэн цагт зээл аваач гэж гуйгаад явдаг байсан даа. Одоо баян банкнууд болсон ард тумэн том жижиг гэхгуй хенжлийнхее хэрээр зээлтэй юм хийх гэж зутгэцгээж б. Яанам бэ
2016-01-22