Пиа Вурткбач: Бондын дурлалт бүсгүй болмоор байна

“Miss Universe 2015” буюу “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч Филиппинийн гоо бүсгүй Пиа Алонзо Вурткбач өчигдөр “AFP” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“Ертөнцийн мисс” тэмцээний ялагч болоод багагүй хугацаа өнгөрлөө. Титмийн эзэн болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?
-Бүхэлдээ өөрчлөгдсөн. Миний амьдралд ийм том эерэг өөрчлөлт гарсанд үнэхээр сэтгэл хангалуун байна. Би хүүхэд байхаасаа л олон улсад танигдсан гоо бүсгүй болохыг хүсдэг байлаа. Ээж минь намайг хөөрхөн охин бус ухаантай, үзэсгэлэнтэй гоо бүсгүй болгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Өнгөрсөн хугацаанд их хичээсэн. Амжилтадаа үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Титмийн эзэн бүхэн харилцан адилгүй байдаг. Таны давуу тал?
-Хичээл зүтгэл. Би эхэлсэн бол дуусгадаг. Би хэзээ ч хэцүү байна хэмээн шантарч үзээгүй. Эхлүүлсэн бол төгсгөх хүртлээ хичээх болно.
-Энэ удаагийн “Ертөнцийн мисс”-ийн төгсгөлийн шат олны анхаарлыг татсан. Санаачлагч, хөтлөгч Стив Харве ялагчийг буруу зарласан. Түүхэндээ анх удаагаа титмийн эзнийг буруу зарласан үйл явдал болсон. Энэ бүхнийг эргэн дурсахад таагүй байгаа байх?
-Бүх зүйл шударга болсон, будлиангүй болсон гэдгийг энэхүү үйл явдал баталсан.
-Таны оронд Колумбын гоо бүсгүй Ариадна Гутиеррезийг титмийн эзнээр зарлахад та сэтгэл дундуур байгаа мэт харагдсан. Яг л өөрийгөө ялагч болно гэдгээ мэдэж буй мэт?
-Тэгэж санагдсан бол уучлаарай. Мэдэхгүй юм.
-Өөрийгөө ялагч болно хэмээн төсөөлж байсан уу?
-Шүүгчид л ялагчийг тодруулах болно. Бүх оролцогч ялагч болохыг хүсдэг.
-Мэдээж хэрэг ялагчийг зарлахад алдаа гарсан ч та зорилгоо биелүүлж, ялагч болсон?
-Тиймээ, би ялагч болохын тулд уг тэмцээнд оролцсон. Би ялагч болохын тулд их хичээсэн. Филиппинчүүд надад итгэж байсан. Би тэдний итгэлийг алдахыг хүсээгүй.
-Шинэ он ирлээ. Тиймээс та “Ертөнцийн мисс” тэмцээний титмийг эзэмших хугацаа багассаар байна. Титмээ дараагийн ялагчид шилжүүлэн өгсний дараах төлөвлөгөөгөө сонирхуулаач?
-Кино урлагт хүч үзэх сонирхолтой байна.
-Ямар жанрын?
-Гайхалтай тагнуулч “Жеймс Бонд 007”-ийн дараагийн дурлалт бүсгүй болохыг хүсч байна. “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч болох мөрөөдлөө биелүүлсэн. Дараагийн мөрөөдөл болон зорилго минь Бондын дурлалт бүсгүйн дүрийг бүтээх.
-“Жеймс Бонд” цуврал таны анхаарлыг татсан шалтгаан?
-Би багаасаа л энэхүү цувралын шүтэн бишрэгч байсан. Холливуудын уран бүтээлд тоглож, чадварлаг уран бүтээлч гэдгээ батлан харуулахыг хүсч байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ