“Үнэний хаан Будда” жүжиг тоглогдоно

Энэ онд Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан театрын уран бүтээлчид хоёр том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бурхан, шашны мөн чанарыг харуулах, ард түмнийг соён гэгээрүүлэх зорилгоор “Үнэний хаан Будда” хэмээх том хэмжээний бүтээл тавихаар зэхэж буй аж. Уг жүжгийн зохиолыг “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх бичсэн бөгөөд ирэх тавдугаар сард үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Одоогоор жүжгийн судалгааны ажлыг хийхээр УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, найруулагч Н.Наранбаатар, зураач Л.Ганхуяг, зохиолч Б.Цогнэмэх нар Энэтхэг улсыг зорьжээ. Монголд бурхан, буддизмын тухай бүрэн хэмжээний бүтээл тавигдаж байгаагүй учраас БСШУЯ-тай хамтран төсөл хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон талаар УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу хэлж байсан.
Мөн тус театрын уран бүтээлчид Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлээс нь сэдэвлэсэн тайзны бүтээл тавихаар төлөвлөжээ. Театрын урын сангаас тоглогдож буй бусад 30 орчим бүтээл хуваарийн дагуу үзэгчдэд хүрэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ