Үндэсний хөгжмийг байгалийн дуу чимээтэй хослуулжээ

“Брос рекордс Монголиа” хөгжмийн компани нь Монгол хөгжмийг дэлхий дахинд сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор “Ертөнц” хөгжмийн төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл 20 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн бэлэгдлийг агуулсан өөр өөр онцлог төрөл, жанрын 5 цомгийг бүтээх гэнэ. Эхний цомог болох “Ертөнц” нэртэй хөх өнгөт цомгийг 2013 оны нэгдүгээр сард худалдаанд гаргаж байсан. Төслийн хоёр дахь цомог буюу эх дэлхийг бэлэгдэх ногоон өнгөт “Байгаль” цомгийн нээлтийг өнөөдөр хийлээ. Байгаль цомог нь хөгжмийн Чилл Аут төрөлд хамаарах бөгөөд нийт 10 бүтээлээс бүтжээ.
- Савдаг
- Үүл
- Цэцэг
- Үр
- Тайга
- Чоно
- Шонхор
- Говь
- Бүүвэй
- Байгаль
Цомгийн уран бүтээлүүдийг тоглох “Дэлхий” хамтлагийг 2013 онд байгуулсан бөгөөд язгуур хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн хөгжимд хамсарган хөгжимддөг Ethno Jazz хамтлаг аж. Хөгжимчид морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир зэрэг хөгжмийн аялгууг тоншуул, ойн чимээ, аянга, бороо, салхи зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулан зохиомжилжээ. Бөмбөрчин Батпүрэв, гитарчин Алтангэрэл, аргил гитарчин Батбилэг, даралтат хөгжимчин Баяржаргал нарын бүрэлдэхүүнтэй уг хамтлаг ирэх намар тоглолтоо хийх талаар дуулгалаа. Мөн олон улсын фестивальд оролцож эх орноо сурталчилах үйлсэд хувь нэмэр оруулах гэнэ.
“Байгаль” цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, Г.Пүрэвдорж, гүйцэтгэх пропюсероор Ш.Жавхлан ажилласан байна.
Хөгжмийн зохилч Г.Онон
“Ертөнц” төслийг эхлүүлснээс хойш 7 жилийн хугацаанд 2 цомгийг бэлэн болгож, худалдаанд гаргаад байна. Эхний “Ертөнц” цомогт байгаль дэлхийг эцэг талаас нь илэрхийлж байсан. Харин энэ удаад байгаль бол бидний эх гэдэг утгаар эм болсон чанарыг илүүтэй тусгасан. Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Байгаль” нэрээр хүрэх гэж байна. Уг цомог Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаандаа тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлог бүтээл бөгөөд монгол ардын хувцас, товшуур, хэц, хэл хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүллэ. Тиймдээ ч “Байгаль” цомгийг бүтээхэд чамгүй хугацаа шаардагдсан. 20 жилийн туршид үргэлжлэх төслийн зорилго нь урлагаар дамжуулж Монгол хүн төрөлхтний оюун ухааны гайхамшиг, байгаль эх дэлхийн нарийн шүтэлцээг дэлхийд таниулахыг зорьж байна”
Дараагийн гаргах цомог нь “Гал” нэртэй бөгөөд улаан өнгийн бэлэгдэл агуулах аж. Тус цомогт хөгжмийн зохиолч Б.Чинбат, Ц.Энхманлай нар ажиллах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ