Чингис бондын өгөөж

img

Дархан-Уул аймагт Хөгжлийн банкны санхүүжилтээр   төмөр зам, инженерийн дэд бүтэц, орон сууц, авто замын зэрэг томоохон  төслүүд хэрэгжиж, бүтээн байгуулалт хийгдсэн төдийгүй үйлдвэржилтийн 74 төсөлд 37.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

 


 

 

Монголчууд 34.5 километр төмөр замыг өөрсдөө барьж  ашиглалтад орууллаа

 

 

 

Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр замыг Монголын төмөр замчид барьжээ.  Манай улсын  анхны төмөр замыг  хуучнаар ЗХУ-ын цэргийн барилгачид барьсан бол энэ зуунд монголчууд өөрсдөө  төмөр замаа барьж чаддаг гэдгээ харууллаа.

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -ийг  Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан түүхтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд зөвхөн хаягдал төмөр боловсруулах замаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. "Кью Эс Си” компани Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлахгүйгээр хөрөнгө оруулагчид санал болгох сонгон шалгаруулалтад 2010 онд шалгарсан юм. Улмаар концессын гэрээний хүрээнд "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” ажлыг хийж  байна.  Тус компани нь Хөгжлийн банкнаас 133 тэрбум 750 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

 

Төмөр замын суурь бүтцийн хувьд концессын гэрээ дуусгавар болоход төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгосон байна. Шинэ төмөр замыг барьснаар Төмөртэйн уурхайгаас жилд гурван сая тонноос доошгүй төмрийн хүдэр олборлож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлнэ. Энэ нь жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэх ач холбогдолтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийн ажлуудад төмөр замаас гадна ачиж, буулгах терминал, уурхай хүртэлх 110 киловаттын цахилгаан дамжуулах 50 км агаарын шугам, дэд станц зэрэг багтаж байна.

 

 Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэж Японд нийлүүлнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Эко-Ноос" ХХК  монгол хонины ноосоор барилгын дулаалга материалыг  үйлдвэрлэж эхлээд байна. Японы зах зээлд “KHAAN WOOL”  нэрээр нийлүүлэхээр болжээ. Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс  салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгална, ашиглахад  ч хялбар, эдэлгээтэй сайтайгаас гадна эрүүл мэндэд хор нөлөөгүй экологийн  бүтээгдэхүүн   гэж Япон мэргэжилтнүүд үнэлжээ. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй давуу талтай юм байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд  тус компани 6,4 тэрбум төгрөгний санхүүжилт авчээ.  Үүний үр дүнд хортон шавьжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг  хангахаас гадна  гадаад зах зээлд нийлүүлэх нь ээ.  

 

 Консервны лааз үйлдвэрлэж эхэлнэ

 

 

 

Дархан-Уул аймагт “Монгол лааз үйлдвэр” шинээр “мэндэллээ”. Үндэсний компаниуд жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ лаазыг нь гадаадаас импортоор авдаг байна. Харин удахгүй  дотоодоосоо хангах боломжтой болох нь.   “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхлэв.  210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэнэ. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэх юм байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангажээ.

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа  урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ  нийлүүлдэг болбол гадагшаа урсах валютын  урсгалыг дотооддоо шингээх боломж бий.

 

 “Адуу мал” брэндийг  европын зах зээлд гаргалаа

 

   

 

Монголоос түүхий эдийг нь нийлүүлсэн байгальд ээлтэй гэх шошго бүхий “АДУУ МАЛ” брэндийн нэрээр олон улсын зах зээлд гадуур хүрэм, ороолт, цүнх, гутал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байна. Энэ төслийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн юм. Эхний ээлжинд адууны арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол цаашид адууны дэл сүүлний үсээр даавуу үйлдвэрлэж, түүгээр машины суудлын бүрээс, буйдангийн бүтээлэг зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Адууны дэл сүүлний үсээр хийсэн даавуу нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд тооцогддог  аж.   “Дархан нэхий” компани    жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна. Харьяа  “Гутлын үйлдвэр” нь  жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлжээ.  Арьс ширний боловс­руулалтын чанар сайжирсан, гадаад зах зээлд гарсан  нь технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотой аж. Тус компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 14 тэрбум төгрөгийн зээл авч, технологийн шинэчлэл хийжээ.  8 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 14 тэрбум төгрөгийн зээлийн  хүүгийн төлбөрийг  өнгөрсөн оны 02-р сараас төлөөд   эхэлжээ. Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийжээ.

 

Монгол хонины   нэхий дэлхийн зах зээлд өрсөлдөнө

 

 

 

“Дархан минж” ХХК Чингис бондоос авсан санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилснээр Турк нэхий шиг зөөлөн нэхий үйлдвэрлэдэг болсон бол савхи нь эмрэхэд  торгомсог, гоёмсог  төдийгүй  намирна. Даргар, зузаан гэж голлогдог  байсан цаг ард хоцорчээ. Тус компанийнхан монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулан, чанар стандартын шаардлага хангасан чанарлаг, загварлаг нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд худалдаалж байна.
Цэрэг, армийн албан хаагчид, Цагдаа, Шүүх, Хил хамгаалах алба, Байгаль хамгаалагч нарын өвлийн дулаан хувцсыг чанар стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлдэг аж. Өнөөдөр “Дархан минж” компани Турк, Испани зэрэг орны мэргэжилтнээс туршлага судлан хамтран ажилласны үр дүнд, жилдээ 250 мянган нэхий боловсруулж 20-35 мянган төрөл бүрийн загварын нэхий дээл, малгай, нэхий бээлий  үйлдвэрлэдэг юм байна. Зарим өвлийн улиралтай орнуудад ч бүтээгдэхүүнээ борлуулах болжээ.

 

 “Алтан”, “Миний” нэртэй  ургамлын тос үйлдвэрлэж  байна

 

 

 

Манай улсын анхны ургамлын тосны үйлдвэр “Монгол алтан тос”. Гадаадаас ургамлын тос оруулж ирж борлуулдаг 89 компани байдаг бол  дотооддоо үйлдвэрлэдэг хоёр  үйлдвэрийн нэг  нь эднийх. Эх орны хөрсөнд ургасан тосны ургамлыг шахаж, түүхий тос гаргаж чадсан тус үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ импортын 385 тостой эн тэнцүү өрсөлдүүлсээр дотоодын хэрэглэгчдэдээ танигдаж чадсан төдийгүй 30 гаруй хувийг хангах болжээ. Одоогоор шар буурцаг, рапсаар “Алтан”, “Миний” гэх ургамлын тос үйлдвэрлэж  улсын хэмжээнд нийлүүлж байна. 2015 оны хоёрдугаар сараас “Миний” тосыг худалдаанд гаргаж эхэлсэн.  Энэ нь шар буурцагны цайвар өнгөтэй тос юм. Цаашид дээрх тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр туршилтын ажлаа эхлүүлжээ.

 

 “Өнөөдөр тус үйлдвэрт 8 гадаадын мэргэжилтэн, 100 гаруй инженер, технологич, ажилтан ажиллаж ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Монголдоо анхдагч гэгддэг энэ үйлдвэр Чингис бондын хөрөнгөөс 850 сая төгрөгийн санхүүжилт  авч үйлдвэрлэлээ өргөтгөхөд зарцуулжээ. Одоогийн байдлаар 260 сая төгрөгийг нь эргүүлж төлөөд байгаа юм байна.    Өнгөрсөн хугацаанд монголчууд ургамлын тосоо 100 хувь гаднаас экспортлодог байсан. “Монгол алтан тос”-ны үйлдвэр Дархан-Уул аймагт байгуулагдсанаар “есийн тос”-ныхоо багагүй  хувийг эх орондоо үйлдвэрлэдэг болоод байгаа.  Тэд 2018 он гэхэд хүнсний ургамлын тосны дотоодын зах зээлийг 100 хувь бүрэн хангах ургамлын тосны түүхий эд үйлдвэрлэхийн зэрэгцээ түүхий ургамлын тосны хандыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

 

Дэлхийн жишигт хүрэхийг зорьсон  “Дархан меат фүүдс”

 

 

 

“Дархан меат фүүдс”  үйлдвэр Хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйлдвэртээ өргөтгөл, технологийн  шинэчлэл хийжээ.  Тус үйлдвэр нь Монгол малын махыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн талаас нь дэлхийд таниулж, хэрэглэгчдэд эрүүл ахуйн чанартай бүтээгдэхүүнийг олон үе, шат дамжлаггүйгээр хэрэглэгчидэд хүргэх зорилго тавьжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2008, ISO 22000:2005, “Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлыг хянах тогтолцоо” буюу /HACCP/ зэрэг стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэхүү системийг үйлдвэртээ нэвтрүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл үйл ажиллагаа болох техникийн шаардлагыг хангах зорилгоор солонгос улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр  үйлдвэртээ бүрэн шинэчлэлт хийж байгаа юм байна.Ингэсэнээр  олон улсын стандарт болох НАССР-г үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн анхдагчуудын нэг болж болох аж.  Өөрөөр хэлвэл энэхүү систем нь бүтээгдэхүүнийг бий болгох, түүнийг тээвэрлэх, хуваарилах, хадгалахаас гадна хэрэглэгчидэд хүрэх хүртэл бүхий л процедурт чанарын шаардлага болон аюулгуй байдлыг ханган ажилладаг систем аж. Ямар нэгэн асуудлыг эцсийн бүтээгдэхүүн гарсан үед нь арга хэмжээ авах биш эртнээс элдэв бохирдолоос сэргийлэх, хоол хүнсний аюулгүй асуудлыг илрүүлэх үүрэгтэй юм байна.  Энэхүү системийг дэлхийн 150 гаруй оронд ашиглагддаг  аж. Ийнхүү шинэчлэл хийж, дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулж, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаснаар мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх бололцоо бүрдэнэ. Гадаадын орнуудын тавьдаг чанар, аюулгүй байдал, ариун цэврийн шаардлага хангахгүй гэсэн тээгт бүдрэхгүй болно.

 

Г.Өнөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-19
Зочин:
sainbna ingeed ajlaatailagnaadbai
2016-02-02