Н.Айшолпан охины тухай киног “Sony Pictures Classics” гаргана

АНУ-д болдог “Sundance” кино наадмын үеэр Монголын казах үндэстэн охин Айшолпаны тухай “Eagle Huntress” буюу “Бүргэдтэй анчин охин” баримтат кино нээлтээ хийсэн тухай бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл уг киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали зэрэг орны зах зээлд гаргах эрхийг “Sony Pictures Classics” компани худалдаж авчээ. “Sony Pictures Classics” нь “Бүргэдтэй анчин охин” кино болон “The Hollars” хэмээх киног нийт $2 саяаар худалдан авсан талаар мэдээлэл байна.
Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх эл бүтээлд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх гэнэ. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.
Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охин нэгдүгээр сарын 18-нд аав, ээжийн хамт АНУ-ын Парк Сити хотыг зорьсон. Тэд ийнхүү киногоо танилцуулах ажиллагаанд амжилттай оролцжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ