Хогоо “НОГООН” болгож байна

img

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-Хэ "CDS Глобал" компанийн үйл ажиллагаатай танилцжээ

Бээжин цэвэр агаар худалдаж авах боллоо гэсэн мэдээ дэлхийг цочирдуулсан. Том хотууд утаагаар уушиглаж ирээдүйн Бээжин болохгүйн тулд бүгд анхаарч янз бүрийн шийдлүүдийг эрж хайж байна.

 

Хямд түлшээр байгальд сөрөг нөлөөгүй өндөр дулаан ялгаруулдаг технологийг бий болгох чиглэлд Азид төдийгүй дэлхийд анхаарал татахаар технологийг Солонгос улсын CDS глобал /CDS/ компани бүтээжээ. Тус компанид бага цагт зочилж бидний ярьдгаар утаагүй зуух үйлдвэрлэж буй талаар нь сонирхлоо.

 

Солонгосын "CDS Глобал" компани нь 2002 оноос оюуны өмчийг хамгаалсан байгальд ээлтэй технологийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж ирсэн байна. Бусад эх үүсвэр болон технологийг ашиглах, цэвэр эрчим хүчний хангамжийн төслүүдийг хийдэг олон улсын компани. 

Энэ хугацаанд 12 (АНУ, Япон, Хятад, Европ, Америк гэх мэт) улсаар патентаа батламжлуулж иржээ. Бидний дор танилцуулах технологи ч олон улсад зөвшөөрөгдөж патентаа авсан байна. CDS глобалын үйл ажиллагааны үндсэн чиглэл өрсөлдөх салбар нь хаягдал түлш ашиглаж дулаан хангамж эрчим хүч үүсгэх төсөл байсаар иржээ.

 

Хорт утаагүй зуух эрчим хүч үйлдвэрлэлийн олон технологийг улс орнууд бий болгож байгаа ч ямар түлш хэрэглэх вэ гэдэг нь нэг чухал асуудал байдаг байна. Утаагүй зуух үлгэр биш үнэн гэдгийг энэхүү компанийн дулаан эрчим хүч гаргаж буй аргаас харж болохоор. Хямд зардлаар хорт утаагүй шаталтаар дулаан эрчим хүч гаргах өрсөлдөөнд ялгарах хамгийн гол үзүүлэлт бол ямар төрлийн түлш хэрэглэж байгаад байдаг байна.

 

Нефть түлш, хийн шингэрүүлсэн түлш буюу газ, кокс, нүүрс мод гээд түгээмэл хэдэн түлшийг энд нэрлэнэ. Эдгээр нь бүгд ямар нэг хэмжээгээр өндөр өртөгтэй түлш байдаг байна. Манай орны хувьд нүүрс голлох түлш болж буй бөгөөд хамгийн их утаа үйлдвэрлэдгийг бид мэднэ. Харин утаагүй хоргүй технологи дээр өрсөлдөгчид хог хаягдлыг хамгийн бага зардалтай түлшид тооцож энэ төрлийн  технологийг гаргахаар хичээж байна. Дээр дурьдсан "CDS Глобал" компани хогийг хэмнэлттэй түлш, дулаан болгоход том ахиц гаргажээ.

 

Тэдний хийсэн хог хаягдлаар өндөр дулаан эрчим хүч  гаргадаг зуух одоо Солонгосын 5 том хотод ашиглагдаж байна.

 

 

Хог жижиглэх дамжлага

Солонгос нь үйлдвэржсэн орны хувьд аж үйлдвэрийн хог хаягдал, мөн газар зүйн байрлалын онцлогоос үүдсэн хог хаягдал, мөн түгээмэл ахуйн болон хоолны хог хаягдлыг түлш болгон бэлддэг жижиг үйлдвэрийг CDS глобалынхан хамтад нь бий болгожээ.

 

Хог хаягдал түлнэ гэхээр илч муутай үлбийсэн галаар төсөөлж болох юм. Энгийн хүний ойлголтоор нүүрсний хаана ч хүрмээргүй. Гэвч CDS-ийн зуух бол энгийн хогийг галлахгүйгээр маш өндөр температурт шатааж дулаан болгох шийдлийг хийснээрээ олон орны анхаарлыг татаж байгаа юм байна.

 

Хог хаягдлын тоног төхөөрөмж тун энгийн. Хогийг зориулалтын цэгт төвлөрүүлнэ. Ангилна. Эхнээсээ солонгосчууд хогоо тусад нь ангилж ууталж хаяж хэвшсэн тул энэ их хүндрэлгүй. Шил хуванцар зэрэг хатуу биетүүд хог түлшид орох ёсгүй. Ингээд л ялгасан хогийг ангилах, шаталтын зууханд орох хэмжээнд жижиглэх, хатаах шугам гэсэн үндсэн хэсгээс л бүрдэж байдаг. Энд их мөнгө амар үнэтэй технологи хөрөнгө оруулалт харагдсангүй.

 

 

Зуухны зарчим ч их энгийн юм. Хэмжээ оворын хувьд ч тийм нүсэр бус. Харахад бол манай нэг гэр хорооллын айлын 0.07 га талбайд чөлөөтэй багтахаар. Гэхдээ дотор нь шатаах үйл явц, дулаан гаргах үзүүлэлт бол нэг жижиг хот, үгүй дээ нэг аймгийн төвийг шийдчихээр юм.  

 

Хогийн бункер сав түүнийг зуух руу оруулах дамжлага зуухны шатаах хэсэг дулаан хоолой гаргах гэсэн үндсэн бүтэцтэй. Гол шийдэл нь маш өндөр температурт хог хаягдлыг шатаах мөн шаталтын агаарыг хянах, ялгарч буй утааг олон шатлалт фильтер, шүүлтүүрээр хоргүйжүүлэх.

 

Шаталтын хэсэг нь их онцлогтой. Бидний энгийн ойлгодог шиг хогийг зууханд хийгээд доор нь гал болгон өрдөхгүй гэсэн үг. Цилиндр хэлбэрийн шаталтын бүтэцтэй. Энд агаарыг урьдчилан халааж доод эргэлт нь  500 градус хүрэх бол дээд эргэлт нь 2000 градус хүртэл халаана. Өөрөөр хэлбэл, хэт өндөр температурт халаасан цилиндрт хог өөрөө шатах юм. Ингэснээр шатамхай хог хаягдлыг бүрэн шатааж дулаан гаргах үндсэн зарчимтай. Энд л утаагүй байх үндсэн шийдэл байдаг гэж болохоор. Утаа гарах боловч түүнийг олон шүүлтүүрээр шүүсний дараа тун бага хувиар гадагшлуулдаг аж.

 

 

Утаагүй өндөр дулаан эрчим хүч гаргах зорилтод шийдлээ дагаад зуухнууд нь Дулааны хангамж, Уур эрчим хүчний хангамж, Эрчим хүчний хангамж гэсэн төрөлд бүтээгдэхүүн нь зориулагддаг.  Хог хаягдлыг шууд шатаах төхөөрөмжөөс олон талаар ялгаатай ба давуу талтай.

Шууд хогийг шатаадаг зуухнууд нь нарийн төвөгтэй олон эд ангитай, өндөр үнэтэй их хэмжээний түлш хэрэглэж байнгын эвдрэл гэмтэлтэй байдаг бол CDS-ийн зуух нь жижиг энгийн бүтэцтэй, өртөг хямд түлштэй, маш бага хоргүйжүүлсэн утаа гаргадаг давуу талтай гэж дэлхийн агаарын мэргэжлийн хяналтын байгууллагаас үнэлжээ. Тус үйлдвэр өөрийн зуухандаа 20 жилийн баталгаа өгдөг нь хийсэн бүтээсэндээ итгэл төгс байгааг илэрхийлнэ. Ер нь бол 30 жилийн хугацаанд ажиллах боломжтой гэж байлаа.

 

Иж бүрэн шаталттай тул үнс хог хаягдал маш бага гардгаараа байгальд ээлтэй, галд тэсвэртэй хана, усан хөргүүр зэрэг том давуу талыг энэ зууханд бий болгож чадсан байна. Бид зууханд хог шатаах үйл явцыг харж байхад нэг портер хэртэй хог оруулахад жижиг хувин хэртэй л үнс гадагшилж байлаа.

Мөн цилиндр хэлбэрийн хаалалтын зуух нь 500-2000 градус хүрч халах тул ямар ч төрлийн түлш материал бүрэн шатах боломжтой. Ганц хог хаягдал гэхгүйгээр өөр бусад шатах материал түүхий эдийг ашиглах боломжийг давхар олгодог байна. Хаягдал дугуйг ч шатааж туршсан байна.

 

2 тонн хог түлшнээс гарч буй үнс

CDS Глобал компанийн энэ зуухыг өдгөө тус улсын Чонжу, Үлсан, Гүнсан, Инчон Жонжу зэрэг хотод хэдэн уур дулаан эрчим хүчний зориулалтаар ашиглаж эхлээд байгаа юм байна.  

Төр засаг нь ийн агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй зуух хийж буй компаниа дэмжиж дотоодын үйлдвэрлэгчид муж дүүргүүд энэхүү байгальд ээлтэй технологи бүхий зуухыг авсан нөхцөлд хөнгөлөлттэй зээл олгож ирсэн байна. Мөн энэ төрлийн зуух бойлер хийдэг үйлдвэрүүддээ технологийн судалгаа туршилт хийхэд нь санхүүгийн шууд дэмжлэг үзүүлж иржээ. Төр, ААН, иргэд хамтын хүчээр агаарын бохирдлыг байхгүй болгож, хогоо “ногоон" болгож байгаа хэрэг.

 

Тус үйлдвэрийн захирал Ким Жи Ван бидэнтэй товч ярилцахдаа үйлдвэрт нь нэг “бурхан” болсон хүн байдаг тухай өгүүлсэн юм. Энэ хүн бол байгальд ээлтэй технологиор хог хаягдлыг түлш болгож өндөр үзүүлэлттэй дулаан гаргахад бүх амьдралаа зориулсан ахмад инженер өвгөн байлаа. Ким Сон Чун гэх энэ буурал одоо ч байгальд ээлтэй буянтай ажлаа хийсээр байгаа гэнэ.  

 

CDS Глобал компанийн Ерөнхий захирал Ким Жи Ван

 

Ерөнхий захирал Ким Жи Ван

"...Бид Улаанбаатар хотыг нэлээдгүй агаарын бохирдолтой гэж сонссон. Очиж үзээгүй ч өөрийн компанийн ажлын онцлогоор гадаад улсуудын судлаачдын уулзалт хуралд оролцож явахад Улаанбаатар нь агаарын бохирдол өндөртэй, онцгой хор учруулах хэмжээнд хүрсэн хотын тоонд яригдаж байхыг сонсож байсан. Төр засгийн зүгээс санаачлага гаргаж байгаа тухай ч ярьдаг. Бидний олон жилийн судалгаа туршилтаас харахад агаарын бохирдлыг эдийн засгийн хэмнэлттэй түлшээр дулаан эрчим хүч гаргаж авах дэвшилтэд технолги нэвтрүүлснээр шийдэж чадах юм. Хэчнээн олон орон сууц барьсан ч тэнд дулаан эрчим хүчний шийдэл зайлшгүй дагалдана. Энэ асуудлыг сууриар нь байгальд ээлтэй байдлаар шийдэж байж л агаарын бохирдлыг шийдвэрлэнэ гэсэн хувийн бодол байдаг. Хог хаягдал бол аль улсад байх гарын доор эдийн засгийн хэмнэлттэй түлш болж чадна. Заавал хог гэхгүй хийн түлш газыг ч энэ зууханд хэрэглэж болно. Энд тал дээр бид өөрсдийн зүгээс тусалж хамтран ажиллах юмсан гэж бодож явдаг. Танай орон шиг унаган байгалтай мөн байгалийн эрс тус уур амьсгалтай оронд онцлог их байгаа байх. Гэхдээ том хотын хувьд шийдэл нь адил төстэй байх болов уу. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгальд ээлтэй, найдвартай ажиллагаатай байх шаардлагуудыг хангасан шийдлийг олох хэрэгтэй юм. Бид энэ чиглэлд 10 гаран жил ажилласны хувьд тусалж хамтран ажиллахад бэлэн байна..." гэлээ.

 

Манай улс хог дахин боловсруулах үйлдвэр барьсан. Тэр нь одоо нийслэлийн хойд уулын орой дээрээс мөн л утаа үйлдвэрлэн алдаг оног ажиллаж хогоо шууд шатаадаг. Үүний оронд хогоо ангилж ялгаад жижиглэж хатаан түлш болгоод дулаан гаргадаг болбол агаарын бохирдлыг бууруулахад, халаалт эрчим хүчийг шийдвэрлэхэд төгс шийдэл байж болохоор санагдлаа.  

Манай нийслэлийн хувьд өөр шийдэл гэж үзвэл одооноос утаандаа дарлуулж эхэлж байгаа аймгууд энэ жишгээр хогоо боловсруулж дулаан эрчим хүч болгоход анхаарч болохоор.

 

Хог хаягдлаа үр ашигтай түлш болгож агаарын болхирдлоо бууруулахад чиглэлээр тус компанитай хамтран ажиллах холбоо тогтоохыг хүсвэл nuni18@naver.com  хандаж болох юм байна.

 

Албан ёсны вэб хуудас:  http://www.cdsg.co.kr  .

 

 

 

Д. Баяраа   /СӨҮЛ хот/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ