Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг заллаа

Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол болж байна.
Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчилан шүтээн болгон бүтээжээ. Шүтээнчилэн бүтээсэн лагшин эрдэнийг, Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ний энэ билэгт сайн өдөр номын олон шавь нар нь Гандангчэнлин хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөлөө.
Дөрвөн зуу шахам жилийн өмнөөс Монголын авралт Богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жэвзүндамба хутагтууд Монголын шашин соёлд үлэмж их ач тус үзүүлж байсны адилаар 10-р дүрийн Жэвзүндамба хутагт Монгол орондоо түргэн хувилан төрж, шашны наран Замбутивийг гийгүүлэх болтугай хэмээн сүсэгтэн шавь нар нь ерөөл талбиж мөргөн залбирч байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ