Эдийн засаг 2.3 хувиар өсчээ

Манай улсын эдийн засаг 2014 онд 7.9 хувьтай байсан бол 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн бодит өсөлт 2.3 хувиар өсчээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос сэтгүүлчдэд мэдээллэв.
Улсын эдийн засгийн дээрх өсөлтөд хөдөө аж ахуйн салбар буюу мал аж ахуйн салбар, уул уурхайн салбарын олборлолт эерэг нөлөө үзүүлсэн тухай ҮСХ-ны нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг хэлэв. Харин гадаад харилцаа, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан, гадаад худалдааны эргэлт багассан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл оны эхэнд 80 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх онд 13 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ онд 67 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Он гарсаар улсын төсөвт 335 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн бөгөөд 415 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүжүүлжээ. Ийнхүү орлогоос давсан зарлага санхүүжүүлсэн нь төсвийн тэнцэтгэлийн алдагдалд хүргэсэн тухай мэргэжилтнүүд хэлж байна. Мөн татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 17.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар буурчээ. Үүнд бусад татвар төлбөр хураамжийн орлого 60.0 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 12.6 тэрбум төгрөг, аж ахуй нэгжийн татвар 10.1 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвар 2.4 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Манай улс нэгдүгээр сарын байдлаар 92 оронтой гадаад худалдаа хийж, 528 сая ам долларын худалдаа арилжаа явуулжээ. Үүнээс экспорт 329.1 сая ам доллар, импорт 199.1 сая ам долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2015 оны нэгдүгээр сард 225.4 сая ам доллар, 2016 оны нэгдүгээр сард 13.0 сая ам долларын ашигтай гарсан байна. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Уг өсөлтөд хүнсний бараа бүтээгдэхүүн голлон нөлөө үзүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ