”Эх орны цэрэг” 26 дахь жилдээ

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг нь "Эх орны цэрэг" яруу найргийн наадам юм.
БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ-ынхан хамтран зохион байгуулдаг уламжлалтай тус наадам 26 дахь жилдээ болох гэж байна. Энэ наадам цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, шилдэг бүтээлүүдийг олны хүртээл болгох, цэргийн алба хаагч, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой.
Наадамд оролцогчдыг ирэх сарын 9-ний өдөр хүртэл ЦДБЭЧ-д бүртгэх юм байна. Дашрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор Улаанбаатар цэргийн хүрээний Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн үлээвэр найрал хөгжмийн жагсаалыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайд зохион байгуулж, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох аж. Мөн хүчит 256 бөхийн барилдаан болохоос гадна Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын талархалын хэсэгчилсэн тоглолтыг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ