Монгол кино Холливуудад өрсөлдөхөд нэг шат ойртлоо

img

“Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэгийн ээлжит бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан киноны уран бүтээлчид хэвлэлийн хурал хийлээ.

 

 

Киноны ажлыг Холливуудын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай "Golden treasure" нэртэйгээр хамтран бүтээжээ. Хэвлэлийн хуралд Америкийн кино зураглаачдын холбооны тойргийн дарга Saul Molina, дууны найруулагч Ricardo Mejia нар оролцов. Тэд Монгол кино Холливуудад өрсөлдөхөд нэг шат ойртсон гэдгийг хэлж байлаа. Учир нь  киноны дуу, өнгө шүүлтийг “EFilm” компани Америкийн нэгдсэн улсад дөрвөн сарын туршид хийжээ.

 

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээдэг. Тиймээс өөрийнхөө хувь заяанд эзэн байх ёстой гэдэг санааг шигтгэж өгсөн талаар найруулагч У.Уранчимэг онцлов.

 

Киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг нар тоглосон байна. Тэд бүтээсэн дүрийнхээ талаар ийн ярьж байна.

 

МУАЖ П.Цэрэндагва: Үгэнд мэслэгдсэн хүн ямар байдалд ордгийг харуулна

-Энэ кинонд Цэвээн гэдэг хүний дүрийг бүтээсэн байгаа. Цэрэндагва гэдэг хүн хэрэгтэй гэж намайг дуудсан, би бас хэрэгцээтэй юм байна гэж зүтгэсэн зүтгэлийг минь олон нийт харах болов уу. Энэ киног үзээд мэргэжлийн үүднээс тасралтгүй план яаж үргэлжилж болдог юм бэ гэдгийг олж харна. Тэгэхээр жүжигчин хүнээс ямар их хариуцлага, тэвчээр шаардсаныг ойлгох болов уу. Миний дүртэй уулзаад учраад үгэнд мэслэгдсэн хүн ямар байдалд ордог вэ гэдгийг монголчууд зүгээр нэг харчихад илүүдэхгүй болов уу гэж бодож байна.


 

СТА А.Ганчимэг: Бүтээлээ сайхан болгохын төлөө үсээ авахуулсан

-Надаас маш их тэвчээр, асар их хатуужил, хичээл зүтгэлийг шаардсан дүр байлаа. Мэдээж эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол санасан бүхэн нь тоглодог ажил биш юм. Хүндрэлтэй, хэцүү зүйл маш их байсан. Энэ кинонд ажилласан хүн бүр муухайгаар хэлэхэд халтуурдаагүй. Байгаа авьяас чадвар, сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулж энэ киног хийсэн. Бүтээлээ сайхан болгохын төлөө үсээ авахуулсан. Тийм болохоор сэтгэл санаагаар унасан, шаналсан зүйл байхгүй. Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх байдаг. Гэхдээ би дүрийг бүтээсэн гэж хэлж чадахгүй. Энэ дүр дээр ажилласан. Хамтран ажилласан гадаадын жүжигчид “woow” гэж дуу алдсан. Тэднийг гайхшируулж, тэд нарт үнэмшүүлж чадсандаа баяртай байгаа.


 

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр: Манай кино монгол ёс заншил, ахуйг илүүтэй тусгасан

-Зуны хоёр сарын турш энэхүү уран бүтээл дээр ажиллаж байхад сэтгэл маш их өндөр байсан. Нийтдээ 7 мянга орчим км явж Говь-Алтай аймгийн Шарга сум, Төв аймгийн Эрдэнэ сум зэрэг газруудад очиж зураг авалт хийсэн байгаа. Миний хувьд  Хангай гэх хөдөөгийн нэгэн залуугийн дүр бүтээсэн. Энэ дүрээр дамжуулан өнөөдрийн манай Монголын залуучууд Монгол ёс заншлаа хэр сайн мэдэх вэ гэдгийг хэлэхийг зорьсон. Ерөнхийдөө манай кино монгол ёс заншил, ахуйг илүүтэй тусгаж өгсөн бүтээл болсон гэж үзэж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ