А.Ганчимэг: Би орлон тоглогч аваагүй

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Тус киноны гол дүрд тоглосон СТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Таны үсээ тайруулсан тухай олон хүн ярьж байна.
-Надаас их олон хүн “Үнэнээсээ үсээ авахуулчихсан юм уу” гэж асуусан. Үнэнээсээ үсээ авахуулсан. Одоо үс маань ургаад хөөрхөн боодог болчихсон. Үсний найр ч хийсэн/инээв.сур/. Бүтээлээ сайхан болгохын төлөө үсээ авахуулсан юм.Тийм болохоор сэтгэл санаагаар унасан, шаналсан зүйл байхгүй. Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх байдаг. Гэхдээ би дүрийг бүтээсэн гэж хэлж чадахгүй. Энэ дүр дээр ажилласан гэж л хэлмээр байна.
-Дүрээ тодотгох уу? Нэг харахад эмэгтэй, нөгөө харахад эрэгтэй болох нь сонин юм.
-Энэ удаагийн дүр минь надаас маш их тэвчээр, асар их хатуужил, хичээл зүтгэлийг шаардсан дүр байлаа. Мэдээж эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол санасан бүхэн нь тоглодог ажил биш юм. Хүндрэлтэй, хэцүү зүйл маш их байсан. Мэдээж үсээ авахуулж эрэгтэй хувцас өмсөөд л эрэгтэй болчихно гэж байхгүй. Тиймээс ч хувьдаа их хичээсэн. Киноны зураг авалт эхэлснээс дуусах хүртэл эрэгтэй хүмүүсийг сайн ажиглаж, туршлага хуримтлуулж байлаа.
-Америкийн “Mogmus” кино компанитай хамтарч ажилласан. Тэд таны чадварыг өндрөөр үнэлсэн гэсэн?
-АНУ-ын Холливуудын “E” фильм, “Mogmus” кино компанитай хамтран бүтээсэн. Зураг авалтын дараа 4 сарын турш дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын стандартаар АНУ-д хийсэн. “Атганд үлдсэн эрдэнэ” кино маань олон улсын кино театруудаар гарах стандартыг хангасан бүтээл болсон тул киног дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа. Гадны уран бүтээлчид “Үнэхээр гайхамшигтай санагдаж байна. Монгол орныг ийм сайхан байгальтай, хүмүүс нь ийм сайхан өв соёлтой бөгөөд бүгд үндэснийхээ дээл хувцсаар гоёдог ард түмэн гэж төсөөлөөгүй байлаа” гэж байсан. Мөн кинонд ажилласан хүн бүр муухайгаар хэлэхэд халтуурдаагүй. Байгаа авьяас чадвар, сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулж энэ киног хийсэн. Хамтран ажилласан гадаадын зураглаачид “woow” гэж дуу алдаж, эвлүүлгийн ажил хийгдэж байхад “энэ үнэхээр чи мөн гэж үү” гэж гайхширч байсан. Тэднийг гайхшируулж, тэд нарт үнэмшүүлж чадсандаа хувьдаа баяртай байгаа.
-Морь сайн унадаг юм билээ. Хөдөө өссөн үү?
-Миний хувьд хөдөө өсч, торниогүй. Хааяа л хөдөө орон нутгаар явдаг байлаа. Тиймээс монгол ахуйгаасаа нэлээд холдсон байжээ. Харин киноны зураг авалт 3 сарын турш хөдөө үргэлжилсэн учраас өнгөрсөн зуны турш хөдөө амьдарлаа. Бид мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйлүүд маш олон байдаг юм байна. Киноны зураг авалтад явж байхад “Энэ чинь нээрээ яадаг билээ” гээд л мэдээд байгаа хэрнээ гаргаж чадахгүй байх олон зүйл тохиолдсон. Бид хэзээд алдаж, мартаж болохгүй зүйл бол монгол ёс заншил, өв уламжлал, ахуй амьдрал гэдгийг ойлгож авсан.
-Кинонд тоглосноор олж авсан хамгийн чухал зүйл юу байв?
-Тайвангийн дүр надад асар их туршлага боллоо. Морьтой давхих, нутгийн залууд зодуулах зэрэг хүнд зураг авалтад орлон тоглогч ашиглаагүй, надгүй зураг авалт бараг байхгүй учраас энэ дүр намайг маш их эвдсэн. Гэхдээ зураг авалтын хажуугаар ааруул хийж, үнээ сааж, адуу манаж сурсан. Монгол ахуй сайхан юм билээ. Сүүлийн үеийн залуус монгол ахуйгаа, монгол жудаг гээд монгол гэсэн бүхнээ алдахгүй. Болж өгвөл өдөр тутамдаа эргэн санаж, үйлдэл бүрээ анхаарч байх ёстой юм болов уу.
-Киноны нээлт хаана болох вэ?
-“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино маань энэ сарын 5-ний өдөр буюу ирэх бямба гаригт “Хүннү молл” кино театрт 16.00 цагт нээлтээ хийнэ.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ