“5 хувь”-д хэн хамрагдах вэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ 5 хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж байгаа иргэд нийтээр хамрагдахгүй. Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулахаар тусгажээ. Бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох салбарын сайд нарт үүрэг болгосон байна.
Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа үүсээд байсан нөхцөл байдлыг тал талаас нь тооцоолсон биз. Шинэ оны эхний босгон дээр ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгоно гэж барилгын салбарынхан, банкны удирдлагуудтай уулзалт хийсэн АН-ын даргын амлалт ажил хэрэг боллоо. Ямартай оны эхний улиралд багтаан ипотекийн орон сууцны зээлийг 5 хувь болгох ажил хэрэгжиж эхэллээ. Энэ ажил аль нэг намын удирдлага, хууль тогтоох дээд байгууллагын дарга хэлснээр шууд хэрэгжих боломжгүй байсан. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар хамтран ипотекийн зээлийг 5 хувь болгоход шаардлагатай хуулийн төслийг боловсруулж, зарим нэг өөрчлөлт оруулж, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын үр дагаврыг ч судалсан байх.
Ипотекийн зээлийг 5 хувь болгох талаар яриа гарах үед орон сууцны 8 хувийн зээл ч зогсчихсон байсан үе. Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаснаар арилжааны банкууд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээ зогсоосон. Энэ нь шинэ оны өмнө орон сууцанд орохоор төлөвлөж бичиг баримтаа бүрдүүлэн, байрны урьдчилгаагаа төлчихсөн иргэдийг ихээхэн бухимдуулсан билээ.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ баталсан хуулиа эргэн харж, өөрчлөлт оруулан, арилжааны банкууд 8 хувийн ипотекийн зээлийг хэвийн олгох хууль эрхзүйн нөхцөлийг бүрдүүлсэн. Харин ҮХЦ-ийн даргыг хэрэгжиж эхлээгүй хуульд улстөржсөн дүгнэлт хийсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хөндөж, ээлжит бус чуулганаар хэлэлцэн огцруулсан юм.
Цаашлаад ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгохтой холбоотой Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг парламентаас батлан гаргасан. Эдүгээ Монголбанкинд төвлөрсөн ипотекийн зээлийн үр дүнд бий болсон 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар баталгаажсан херөнгийг нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сан дээр балансаас балансад шилжсэн. Энэ мэт шат дамжлагатайгаар хуулиудад өөрчлөлт оруулснаар ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох нөхцөлийг бүрдүүлж байгааг холбогдох албаныхан онцолж байсан.
Харин ипотекийн зээлийн хүүг өнөөдрийн нөхцөлд 5 хувьд шилжүүлэх боломжгүй гэж зарим эдийн засагчид үзэж, байр сууриа илэрхийлж байлаа. Хэрвээ ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлвэл эдийн засгийн хямрал улам газар авна гэж тэд үзсэн юм.
Барилгын салбарынхны олон мянгаар барьсан орон сууц эдийн засгийн эргэлтэд орохгүй гацсан. Улаанбаатар хотод гэхэд шинээр баригдсан болон баригдаж дуусаагүй барилгын худалдах үнэд sale зарласан сурталчилгаа хаа сайгүй байна. Тиймээс ч юун түрүүн эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа үл хөдлөх хөрөнгөө борлуулах шаардлагатай гэдгээ тус салбарынхан чухалчилж байсан. Нөгөөтэйгүүр иргэдийн зүгээс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувь биш 10 хувь болгох асуудлыг хөндөж байлаа. Гэхдээ орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосноор өрхийн төсөвт ямар хэмжээний ачаалал ирэхийг төр засаг төдийгүй иргэд гэр бүлдээ тооцоолж л байсан.
Ямартай ч Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах иргэд ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах боломж бүрдлээ.
Ипотекийн зээлд хамрагдсан нийт 75 мянга гаруй өрхийг 5 хувьд шилжүүлэх боломжгүй. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд баригдаж дууссан хичнээн орон сууц байгаа бол. Хэд нь барилгын стандарт, чанар, шаардлагыг хангасан бол. 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт хэрэгцээг хангах болов уу? гээд олон асуулт хөвөрч байна. Цаашлаад барилгын салбарынхан ч 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах бүсийн орон сууцны ханшийг зах зээлийн жам гэж хөөрөгдөхгүй байвал зүгээрсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ