“Тоглолтын дараа” уулзаарай

Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж байна. Энэ сарын 4,5,6,7,8-нд У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тоглов. Тоглолтын дараа үзэгч, жүжигчидтэй ярилцах боломжийг театрын зүгээс олгож “Тоглолтын дараа” уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.
“Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйн үзэгчдээ бэлтгэе”, “Театрт тавтай морил”, “Тоглолтын дараа”, Нэг нарны дор“ зэрэг үйл ажиллагааг УДЭТ-аас зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүний эхлэл болгож “Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг “Ромео Жульетта” жүжгийн дараа зохион байгуулжээ. Уулзалтад жүжгийн Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, МУГЖ Ж.Оюундарь, СТА С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар оролцсон байна. Мөн "Бид театрт хайртай" ТББ-ын гишүүд, үзэгчийн төлөөл 120 гаруй хүн оролцож уран бүтээлийн яриа өрнүүлжээ.
Харин энэ сарын 10, 11-ний 18.00 цагт М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгийг тоглох гэж байна.
Дэлхийн утга зохиолийн ноён оргил II мянганы манлай роман Испаны алдарт зохиолч Мигүэл Де Сервантесийн "Кихот ноён" зохиол 1740 онд Италид балет, 1743 онд Францад дуурь, 1903 онд кино, 1939 онд Орост драмын жүжгийн төрлөөр дэлхий дахины урлагийн тайзнаа тавигдаж байв. Харин манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 1971 онд балет болгон тавьж байсан бол 42 жилийн дараа УДЭТ-ын найруулагч УГЗ Б.Баатарын найруулгаар драмын жүжиг болон хүрсэн билээ. Энэ удаад ч мөн УГЗ Б.Баатарын найруулгаар тайзнаа тавих гэж байна.
Тоглолтын дараа УГЗ Б.Баатар, СТА Ч.Түвшин зэрг уран бүтээлчийн төлөөлөл, "Бид театрт хайртай” ТББ-ын гишүүд, үзэгчийн уулзалтыг зохион байгуулах аж.
Дараагийн уулзалт:
12,13-нд “Эдип хаан” жүжгээр,
16,17-нд “Нора” жүжгээр,
25,26,27-нд “Гамлет” жүжгээр үргэлжлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ