Цэнгэлт хатагтайн түүхийг тоглоно

img

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Травиата” дуурийг тоглох гэж байна.

 

"Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэсэн тус дуурийн хөгжмийг алдарт Ж.Верди бичсэн. Анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотын театрт тоглож байжээ. Манай улсад түүнээс 124 жилийн дараа буюу 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж байв.

 

Дуурийн үйл явдлаас сонирхуулбал, XIX зууны үеийн Парис хотод хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьжээ. Хөдөлгөөнт шуугиант хотын амьдралд орж ирсэн гэнэн залуу үдэшлэгийн эзэн үзэсгэлэнт залуу бүсгүйд хөл алдан дурлана. Бүсгүй ч залуу эрд хайраа өгч тэд хотоос зайдуу эдлэн газартаа аз жаргалтай амьдарч байв. Гэвч тэднийд гэнэтийн нэгэн зочин ирснээр бүх зүйл санаанд оромгүй өөрчлөгдөж буйгаар үйл явдал цааш өрнөнө.

 

Гэнэн залуу Альфредийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, үзэсгэлэнт бүсгүй Виолеттагийн дүрд гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга дуулах нь ээ. Цыган, испани бүжгийг балетын бүжигчид бүжнэ. Мөн найрал дуучид дуулж, симфони найрал хөгжим хөгжимдөх юм.

 

Дуурийг энэ сарын 12,13-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ