
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүн амиа алдсан хэрэгт цагдаагийн экс удирдлагуудыг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл Ч.Амарболд нарын ар гэрийнхэн тэмцэнэ гэдгээр мэдэгдэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын тэргүүн С.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нарт хандан захидал илгээжээ.
Цагдаагийн эрхийг хамгаалуулахаар гаргасан хүсэлтэд “Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хилсээр яллагдахдаа тулаад байгаа цагдаагийн ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хүнд хүчир албанд зүтгэж, олон онц хүнд хэрэг илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч явсан. Тэд цагдаагийн албанд бүх насаа зориулсныг хамт амьдарч, ажил төрлийг нь тайван амгалан хийлгэхийн төлөө санаа тавьж, үр хүүхдээ өсгөн, ажилтай үед нь шөнөжин хүлээж хамт нойргүй хонодог гэргий бид сайн мэднэ.
Хуульчдын ярьснаар цагдаагийн албан хаагчид яагаад ч цэргийн гэмт хэргээр зүйлчлэгдэх ёсгүй юм байна. Тиймээс бидний ханийг хэлмэгдүүлэх гэж байна. Цагдаа нарыг дуудаж, үймээн самууныг тараах үүрэг өгчихөөд одоо гэм буруутан болгож байгаа төрд бид гомдож байна. Хэрэв цагдаагийн ажилтнуудыг гэм буруутан болгож яллавал бид үр хүүхдүүд, аав ээж, ах дүү, найз нөхдийнхөө хамтаар амь насаараа дэнчин тавьж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Биднийг Монголын цагдаа, цагдаагийн ар гэрийнхэн, бүх ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн цагдаагийн гэргий нар жагсаал цуглааныг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг хариуцлага хүлээх естой учраас шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ч уламжилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ