Арилжаалах эрхийг нь нээснээр 1072 хувьцаа амь орно

img

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагайтай “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг тойрсон асуудлаар ярилцлаа.

 

 

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа өнөөдрийг хүртэл цаасан дээрх тоо төдий зүйл байсаар ирлээ гэдгийг зарим эдийн засагч хэлдэг. Тэгэхээр энэ хувьцааг яаж амь оруулах вэ?

-УИХ, Засгийн газраас 2011 оноос хойш иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг олгосон. Гэтэл 2015 он дуусах гэж байхад одоо хүртэл иргэдийн эзэмшилд байгаа энэ хувьцаа “үхмэл” хэвээр байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд ганц ч иргэн хувьцаагаа албан ёсоор захиран зарцуулсангүй. Тийм учраас хувьцаагаа бэлэглэх, нэмж худалдан авах, өвлөх, өр төлбөрөө хувьцаагаараа барагдуулах үйл явц өрнөсөнгүй. Уг нь хуулиараа энэ бүх эрх нээлттэй. Тиймээс манай байгууллагаас өмнө нь энэ чиглэлээр холбогдох байгууллагад санал, хүсэлт явуулсан боловч хариу ирүүлээгүй байна. Мөн олон иргэн 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хүсч байгаагаа дуулгасан. Энэ бүхнийг харгалзан үзээд, манай байгууллага иргэдийн хүсэл сонирхлыг төрийн дээд байгууллагад уламжлах нь зүйтэй гэж үзсэн. Иймээс иргэдийн өргөдлийг өөрийн байрандаа авч эхлээд тэдний өргөдөл хүсэлтийг өнөөдөр УИХ, Засгийн газарт хүргүүлэх гэж байна.

 

Амь оруулах тухайд гэвэл иргэдэд байгаа 1072 хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах, захиран зарцуулах эрхийг нь нээчихэд л энэ зүйл уг нь шийдэгдчих боломжтой. Ингэсэн тохиолдолд хувьцаа амь орно. Засгийн газрын нэг тогтоол бий. Түүгээр энэ хувьцааг захиран зарцуулах буюу арилжих эрхийг нь хязгаарлчихсан. Үндсэндээ энэ тогтоолыг хүчингүй болгоод, иргэд 1072 ширхэг хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан зарж болно гэдэг өөр нэг тогтоол гаргачихад асуудал шийдэгдэнэ. Ингэвэл иргэд Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зараад эхэлнэ. Гэхдээ саяас дээш үнээр зарах хэрэгтэй. Үүнийг хэн худалдаж авах вэ гэдэг асуулт гарна. Мөнгөтэй олигархууд авна. Яагаад гэхээр энэ компанийн ихэнх хувьцааг худалдаж авснаараа тэдний эзэн болох сонирхол нь гүйцэлдэнэ гэсэн үг.

 

-Хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан эргэлтэд оруулбал маш олон хүн зарж эхлэх байх. Ингэхээр зах зээлийнхээ жамаар хувьцаа элбэг байгаа юм чинь нэг хэсэгтээ үнэ нь унах уу?

-Тэгнэ. Хүмүүс үнэгүй авсан сая төгрөгийнхөө хувьцааны мөнгийг авч амьдралдаа зарцуулахын тулд маш ихээр зарж эхэлнэ. Ингэхээр авах захиалга нь бага учраас зарах захиалга нь их болно гэсэн үг. Авах захиалгын тухайд хувьцааг аль болох хямдхан авах сонирхолтой байдаг. Тийм болохоор хамгийн бага үнээр асар их хувьцаа авах сонирхол надад бас танд үүснэ. Тэр үед хувьцааны үнэ гарцаагүй унаж таарна. Иргэд юуг ойлгож, яах ёстой вэ гэхээр саяас доош үнээр хувьцаагаа зараад хэрэггүй. Саяас доош үнээр хувьцаагаа зарна гэдэг маань үнэтэй юмаа үнэгүй болгочихож байгаа хэрэг. Харин саяас  дээш үнээр бол зарах л хэрэгтэй. Эхний нэг хоёр жилдээ үнэ нь угаасаа унана. Энэ явцад хувьцаагаа зарах сонирхолтой хүмүүсийн тухайд бүгдийг нь зараад дуусах болов уу. Өөрөөр хэлбэл, зарах хүмүүс байхгүй болж дандаа авах хүмүүс үлдэнэ. Тэр үед их хувьцаа төвлөрүүлсэн хүмүүс хөрөнгөтөн болж хувирна.

 

-Улстөрчдийн зүгээс Эрдэнэс Тавантолгой төсөл албан ёсоор хөдлөх үед хувьцааг арилжаалах асуудлыг нээсэн нь дээр гэдэг байр суурьтай байгаа юм биш үү?

-Эрдэнэс Тавантолгой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн онд 4.5 сая тонн нүүрс гаргасан. Одоогийн байдлаар тэнд метан хийний үйлдвэр байгуулах, Тавантолгой цахилгаан станцаа барих ажлууд хийгдэж байна. Ганцхан төмөр зам л хойшлогдоод байгаа. Төмөр зам тавьчихвал олборлолтын зардал багасах учраас уг үйлдвэр өөрөө ашиг хийж эхэлнэ гэсэн үг. Төмөр зам дээр л гэхэд 5 жил хэрүүл хийлээ. Тэгэхээр иргэдийг дахиад таван жил хүлээ гэж хэлэх үү. Иргэд анхандаа тэвчээртэй байсан. Одоо тэвчээр нь алдарч эхэлж байна. Хэрэв таван жилийн өмнө иргэд сая төгрөгөөр 1072 хувьцаагаа зараад, энэ мөнгөө банкинд хадгалуулсан бол өнөөдөр нэг сая зургаан зуун мянган төгрөгтэй болчих байсан. Сая төгрөгийн үнэтэй энэ хувьцаа царцсан байдалтай байгааг дээр хэлсэн. Ингэж царцааж болохгүй.

 

Иргэд эдийн засаг өсөөд байна, хувьцаагаа зармаар байна, нэмж хувьцаагаа худалдаж авмаар байна гэдэг хүсэлтийг маш ихээр гаргаж байгаа. Үнэхээр л “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа муу байгаа юм бол иргэд хувьцаагаа зараад мөнгөө банкинд хадгалуулах тэр нөхцлийг нь бий болгоод өгчих хэрэгтэй. Энэ үндсэн дээр арилжааг нь нээх бол маш зөв арга. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг таван жил зарцааж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчлөө. Одоо болсон.

 

-Хувьцааг арилжаалах эрхийг нээх асуудал Засгийн газар дээр гацчихаад байгаа гэсэн үг үү?

-Засгийн газар энэ хувьцааг арилжаалах эрхийг хаасан. Тэгэхээр нээх эрх нь бас тэдэнд бий гэсэн үг. Яг үнэндээ Засгийн газар ажлаа хийхгүй байна. Сандал, суудал ярьж улс төржөөд л байдаг. Иргэдийн төлөө юу ч хийхгүй байна.

 

Өмнөх Засгийн газар 2013 онд иргэн бүрт ногдох 1072 ширхэг хувьцааны эрхийг нээнэ гэсэн. Гэтэл одоо хүртэл иргэд хувьцаа эзэмшсэн гэсэн бүртгэлтэй л өдийг хүрлээ. Уг нь Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу иргэн өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Гэтэл тэр эрхийг нь нээгээгүй, ногдол ашиг ч өгөөгүй.

 

-Хөрөнгийн биржээр дамжуулан 1072 хувьцааг арилжаалах эрхийг нээж өгсөнөөр иргэнд ямар ашигтай байдал үүсэх вэ?

-Энэ тохиолдолд иргэд баталгаат орлоготой болчихож байгаа юм. Нэг өдөр танд гэнэт мөнгө хэрэгтэй боллоо гэж бодъё л доо. Тэгвэл энэ үед яах вэ. Ээмэг бөгжөө ломбарданд тавихын оронд хөрөнгийн бирж дээр очиж хувьцаагаа зараад амьдралдаа хэрэглэж болно. Харин хувьцаа хямдарсан үед зарсан хувьцаагаа эргүүлээд худалдаад авч бас болно.

 

Хувьцааг захиран зарцуулна гэдэг маань нэмж худалдан авах, бэлэглэх, гэрээслэх, хувьцааг өвлөж авах, өр төлбөрөө хувьцаагаараа төлөх гэх мэт эрхийг эдэлнэ. Тиймээс нас барсан иргэний хувьцааг үр хүүхдүүд нь авах боломжтой.

 

-“Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны хэдэн хувь нь иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр тараагдсан бэ? Энэ хувьцаа цаашид улам бүр үнэд орно гэсэн төсөөл байдаг. Энэ үнэний ортой юу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум хувьцаатай. Үүний гурван тэрбумыг нь 2.8 сая иргэнд хувааж өгсөн. Энэ нь нийт хувьцааны 20 хувь болно. Иймд иргэд өөрийн хувьцаагаа яаралтай авах нь зүйтэй юм. Ирээдүйд үнэд орно гэсэн төсөөлөл бий. Харин эхний хоёр жил орчим хугацаанд үнэгүй олдсон хувьцаа үнэ цэнэтэй байж чаддаггүй зүй тогтол бий. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компани бол 300 жилийн настай. Тэгэхээр хувьцаа нь он жил өнгөрөх тусам илүү их үнэд хүрэх хүлээлт байна гэсэн үг. Бидний үзэж буй хамгийн бага тооцоогоор хувьцаа эзэмшигч жилд 125 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой. Үүнийгээ 30 жилээр бодохоор гурван сая гаруй төгрөгтэй болно гэсэн үг.

 

Р.Улам-Оргих

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uuganaa:
Chi daraa ni tsugluulj avah nuu
2016-03-09
Зочин:
geolog
2016-03-09