С.Жавхлан Т.Баясгалан нар гурван удаа тоглоно

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэхээр болоод буй. Аяны хүрээнд “Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглох гэж байна. Тус тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх юм. Тэд “Монгол бөхийн өргөө”-нд энэ сарын 14, 16, 19-ны өдрийн 19.00 цагт тоглох аж.
Аяны талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээсэн.
Улаанбаатар хотод тоглох тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монгол бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж байна. Илүү дэлгэрэнгүйг 91073333, 80009009, 1900-1188 утаснаас лавлах боломжтой.
Тэдний 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 20-ны өдрөөс хөдөө, орон нутагт тоглож эхлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ