Н.Алтанхуяг: Эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон

“Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган өнөөдөр Блю скай зочид буудлын Даймонд хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Уг хурлыг “Хөгжил ардчилал” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн хуралд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт”, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт, боломж”, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт”, Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Эдийн засгийн реформ” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ, “Хөгжил ардчилал төрийн бус байгууллагын үйл ажиллагааг монголд үйл ажиллагаа явуулдаг Конрад-Аденауэр сангаас дэмжиж бүтэн жил гаруйн хугацаанд бид хамтарч ажиллалаа. Өнөөдрийн зохион байгуулж буй Хөгжлийн чуулганаар бид жил гаруйн хугацаанд долоо хоног бүхэн монгол орныг хөгжүүлэх тодорхой чиглэлээр явагдсан хэлэлцүүлэг, ярилцлага, маргаан мэтгэлцээний илрэл болсон илтгэлүүдийг сонсох гэж байна. Долоо хоног бүрт болдог энэ хэлэлцүүлэгт тухайн салбарын судлаач, шинжээч, манлайлагчдыг урьж авч ирэн Монгол Улсын хөгжлийн зөв гарц юу юм, ямар асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр санаа бодлыг нь сонсох замаар ярилцаж ирсэн.Хөгжил ардчилал төрийн бус байгууллага дээр судлаачид өргөн сэдвүүд дээр маргалдаж, мэтгэлцдэг. Сүүлийн хоёр сарын тухайд олон сэдвээ түр орхиод, баялаг болон орлогын хуваарилалт гэсэн асуудал дээр төвлөрч ярилцсан. Орлогын тэгш бус хуваарилалт гэдэг бол зөвхөн монголын хувьд ч биш дэлхий нийт тухайлбал, АНУ-д хүртэл санаа зовоосон асуудал болжээ гэдэг дээр түлхүү ярилцсан” гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, “Бид эдийн засаг гэхээр үндсэндээ инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийн араас хөөцөлдөөд яваад байдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна. Даатгалын салбар, хөрөнгийн биржийн асуудал, санхүүгийн тогтолцоо бол үндсэндээ орхигдож хаягджээ. Эдийн засгийн хувьд зөвхөн банк шүтсэн тогтолцоотой явсаар ирсэн. Тэгэхээр одоо үүнийг өөрчилж, эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон.
Бид өнгөрсөн хугацаанд солонгорсон эдийн засгийн тухай маш их ярьсан. Одоо уул уурхай дээр түшиглэсэн ганцхан тулгууртай эдийн засгаасаа салах цаг болсон. Д.Эрдэнэбат сайдын хариуцан ажиллаж байгаа үйлдвэржилтийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Ерөнхий үйлдвэржүүлэлтийг яриад бас хэрэггүй. Тухайлбал, мал аж ахуйгаас гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүнээ боловсруулаад дэлхийн зах зээл дээр борлуулж чадах юм бол энэ салбараас олох орлого уул уурхайгаас төдийлөн дутахгүй.
XXI зууны эдийн засгийг хүн төрлөхтөн дараах байдлаар тодорхойлж, өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн байна. Жишээлбэл, өнөөдөр дэлхий нийт технологи, иннавоци, контент үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эко хүнс, аялал жуулчлал дээр анхааран ажиллаж байна. Энэ хэрээрээ сая дурдсан салбаруудад орох хөрөнгө оруулалтын хэмжээ ч маш ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас Монгол Улсын хувьд энэ салбаруудаа хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Бид сэтгэлгээнийхээ цар хүрээг зоригтой тэлэх тэр цаг нэгэнт болжээ. Аль болгон уул уурхайн компани, хэдэн толгой ярьж суух вэ. Дэлхийтэй адилхан бизнес эрхэлж, дэлхийтэй адилхан өрсөлдөх тэр цаг үе тулж иржээ. Жижиг сонирхлоос үүдэлтэй явцуу өрсөлдөөнийг өнөөдрөөс эхлээд зогсоох шаардлагатай. Бид хүчээ, толгойгоо, чадлаа нэгтгэж дэлхийтэй өрсөлдөж, дэлхийн хэмжээний бүтээгч улс орон болох тэр цаг үеийн бид маш хурдтайгаар наашлуулах шаардлагатай байна” гэсэн юм.
Үүний дараа аж үйлдэвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт”илтгэлдээ монгол улсын аж үйлдвэрийн салбарт 1920 оноос хойш явагдсан ололт, дутагдал, амжилтуудын талаар дурдаад 1960-1990 он бол манай улсын аж үйлдвэржилтийн он жилүүд байсан гэдгийг онцлов.
Д.Эрдэнэбат, “Зөвхөн мал аж ахуйд суурилж байсан Монгол орон энэ үед уул уурхайн салбарт хөл тавьсан. Томоохон уурхайнуудыг байгуулсан. Түүнээс гадна технологийн шинэчлэлтийн үе шат явагдсан. Энэ үед зөвхөн ОХУ-ын технологи бус хөнгөн үйлдвэрт л гэхэд Унгар, Чех гэх мэт орнуудын биотехнолгийн боловсруулах үйлдвэрүүдийг оруулж ирсэн зэрэг дэвшилтүүд байсан.
Үүний дараа 1990 оны тухай асуудал яригддаг.1991 оноос хойшхи 11 жилийн хугацааг бид аж үйлдвэрийн уналтын он жилүүд байсан гэж харж байгаа. Энэ хугацаанд монголын төр аж үйлдвэрийн салбарт баримтлах урт хугацааны нэгдсэн бодлого, эрх зүйн зөв орчныг хангаж өгч чадаагүй дутагдал байдаг. Социалист аж ахуй нь ардчилсан хувьсгалын дараа буюу нийгмийн өөрчлөлтийн үр дүнд өөрийгөө авч явах чадваргүй байсан талаар судлаачид ярьдаг. Яагаад гэвэл социалист аж ахуй өөрөө зорилтот, хязгаарлагдмал зах зээлтэй, зөвхөн монголд үйлдвэрлэсэн хэрэглээг ард түмэндээ тулгадаг байсан нь эдийн засгийн нээлттэй зах зээлд орсноор энэ нь унах шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, ганцхан төрлийн гутал өмсдөг байсан монгол хүн 10 төрлийн гутал өмсөх сонголтод ирэхээр аргагүй зөв, өөрийн сэтгэлд нийцсэн бараа бүтээгдэхүүнээ аваад эхэлсэн. Энэ эргээд манай аж үйлдвэр хоцрогдсон байсныг харуулдаг. Монголд үйлдвэрлэгддэг ганцхан төрлийн шилтэй ундаатай зэрэгцээд гадаадын коко кола орж ирснээр тэр үйлдвэр тэр чигтээ ойчих шалтгаан болсон. Өрсөлдөх чадваргүй болж хувирсан гэсэн үг. Энэ бол бидний сургамж. Энэ уналтын жилүүдэд бид аж үйлдвэрээс илүү уул уурхайг шүтэж амьдарсан. Энэ нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эд өсч байсантай холбоотой.
Монгол улс уул уурхай шүтсэн энэ замаар 20 гаруй жил замнаж ирлээ. Энэ хугацаанд мөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого байгаагүй. Ардчилсан нам 2012 онд засгийн эрхийг аваад эдийн засгийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал гэдэг шинэ нэр томьёог оруулж ирсэн. Энэ нь Шинэчлэлийн болон өнөөдрийн Засгийн газрын гол мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна. 2012 оноос эхлээд монгол улс уурхайгаар амьдарч болохгүй юм байна гэдэг ойлголтыг авсан. Өнөөдөр уул уурхайн бүх түүхий эдийн үнэ унасан. Дэлхийд уул уурхайн түүхий эд үнэтэй байх тэр үед буюу 2010, 2011 онд Монгол Улс хамгийн их орлогыг бий болгож чадсан. Энэ бүх бий болсон орлого аж үйлдвэрийн дорвитой бодлого байгаагүйн улмаас бүгд нийгмийн халамж руу цутгаж байлаа. Хэрвээ бид үйлдвэртэй, хөжглийн олон тулгууртай байсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал гэж яриад байгаа энэ хүндрэл рүү орохгүй байх боломжтой байсан” талаар илтгэлдээ дурдсан юм.
“Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган яг одоо Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг нарын илтгэлээр үргэлжилж байна.
Р.Улам-Оргих
СЭТГЭГДЭЛ БИЧИХ