Месси афган хүүтэй уулзахгүй

Хөх судалтай гялгар уутан дээр “Месси” хэмээн бичсэн хүүгийн зураг интернэтэд байршсаны дараа олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Хүүг Ахмад Муртаза гэдэг бөгөөд Афганистан улсын иргэн юм. Тэрбээр саяхан Мессигийн гарын үсэгтэй өмсгөл бэлгэнд авч, Месси удахгүй бяцхан фэнтэйгээ уулзана хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл “уг уулзалт хэзээ ч болохгүй” хэмээн хүүгийн авга ах мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжилжээ.
Учир нь “Месси хүүтэй уулзах боломжгүй” хэмээн Месси сангаас мэдээлсэн байна. Уг сангаас “Уулзалт болохгүй. Манай сан олон мянган хүүхдээс дээрх шиг санал хүлээн авдаг. Санал бүхэнд тийм гэх хариулт өгөх боломжгүй. Хичнээн их хүссэн ч бүх хүүхэдтэй уулзах боломжгүй” гэж мэдэгджээ.
Хүү “AFP” агентлагт “Месси надтай уулзана гэж амласан” хэмээн нулимс дуслуулан ярьсан байна. Месси твиттертээ хүүтэй уулзаж, бэлэг өгнө хэмээн жиргэсэн удаатай билээ. Хүүгийн аав “Тун харамсалтай үйл явдал боллоо. Бид хүлээх болно. Тун удахгүй баяртай мэдээ ирэх байх” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ