“20+1=Онцгой бэлэг” үзэсгэлэн гарна

“Хорьт” фото клуб, “Дуал Зэт” фото студи Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхтэй хамтран энэ сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлажээ. Үүний хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 21-нийг хүртэл төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Төслийн хүрээнд тус өдрийг угтан “20+1=Онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 22-ны өдрөөс “Blue mon” арт галерейд нээхээр болжээ. Эл үзэсгэлэнд “Хорьт” фото студийн гэрэл зурагчдын авсан, даунтай хүүхдүүдийн тухай сэдэвчилсэн бүтээл байрших аж.
Дауны хам шинж гэдэг нь бэлгийн эсийн буруу хуваагдлаас болж хромосомын тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор илэрдэг биеийн болон оюуны хомсдлын өвчин юм. Манай улсад 1000 төрөлт тутамд хоёр хүүхэд ийм төрлийн өвчтэй төрдөг гэсэн судалгаа байдаг. Дауны хам шинж өвчтэй хүүхдийн үг хэл бүдэг бадаг, тулгуур эрхтний хөдөлгөөн муутай ч оюун ухаан нь эрүүл саруул, хэнээс ч илүү хөгжих боломжтой. Тиймээс Дауны хам шинжийн талаар нийгэмд эерэг, зөв хандлага түгээх зорилгоор энэхүү сарын аяныг эхлүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ