13 жилийн дараах хамтарсан тоглолт

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглохоор тов зарласан юм. Тэд Улаанбаатар хотоос тоглолтоо эхлэж буй бөгөөд эхний өдрийн тоглолт өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Дуучид энэ сарын 16, 19-ны өдрийн 19.00 цагт дахин тоглох юм.
Дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авч ирээрэй. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээн уриалаад байсан юм. Тус уриалгын дагуу тоглолт үзэхээр ирсэн үзэгчийн зарим нь малчинд хэрэг болохуйц зүйлсийг хайрцаглаж, нэмнээ оёж ирсэн байлаа. Тоглолтын үеэр “Одоогоор 5 машин өвс, лаа шүдэнз, нэмнээ гэх мэт зүйлс цугларсан. Зарим хүмүүс нь өвс авч өгөөрэй гээд бэлэн мөнгө хандивлаж байгаа. Одоо ч хандив өгөх хүмүүс ирж байна гэж ярьсан. Энэ бол өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад маш том тусламж болно” гэдгийг зохион байгуулагчийн зүгээс хэлж байлаа.
Ийнхүү хоёр гавьяатын 13 жилийн дараа хамтран тоглолт үзэгчийн алга ташилт, дуун түрлэгээр дүүрэн байлаа. Ингээд тоглолтын гэрэл зургаас хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ