С.Молор-Эрдэнэ: Монгол эрчүүдийн ихэнх нь таксины жолооч болсон

“Эксперт ярьж байна” ярилцлагын булангийн зочноор философич С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа. Өмнөх ярилцлагыг энд дарж уншина уу.
-Монгол гэр бүлийн хямрал бол монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй гэж та бичиж байсан. Яагаад ийм зүйл тохиолдов?
-Монголчууд эрэгтэй хүүхдийг хатуу хөтүү, биеэ даасан чанартай, хар ажилд сайн гэдэг нүдээр хараад зөнд нь хаячихдаг. Энэ маань тэгж байгаад өөрийгөө аваад явчихна биз гэсэн маягаар ханддаг. Зарим эцэг эх бол бараг л болоогүй байхад нь хүүхдээ нийгэм рүү түлхээд оруулчихдаг. Тэгээд яахав дээ. Нөгөө юу ч мэдэхгүй хүүхэд чинь гэнэт учраа олохгүй хүнд залилуулна. Сүүлдээ муу аргад суралцана биз дээ. Сэтгэлээр унахаараа архи, тамхинд орно. Хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй нөхөрлөнө. Ингэсээр байгаад эцэстээ хачин юм болж хувирдаг. Монгол эрчүүдийн хямрал ерөнхийдөө эндээс эхлэлтэй. Энэ нь гэр бүлийн хямрал болж цаашаагаа гүнзгийрсэн. Энэ зүй тогтлыг олж хараад өгүүлэлдээ дэлгэрэнгүй бичсэн.
Харин эмэгтэй хүүхдээ болохоор хайрлаад л, зоригжуулаад л, сургууль соёлд сургаад байдаг. Уг нь эрчүүд энэ улс орныг чинь авч явах ёстой байхгүй юу. Эрэгтэй хүүхдээ маш сайн хүмүүжүүлж, өндөр боловсролтой хүн болговол энэ улс оронд чинь хэрэгтэй. Ингээд зогсохгүй хажуугаар хэрэгтэй хэрэггүй эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендер энэ тэр ярихыг нь яана.
-Ажиглаад байхад эрэгтэйчүүдийн ихэнх нь таксины жолооч болчихсон юм биш үү?
-Социализмын үед ажиллаж байсан том том үйлдвэрүүдээ 1990 онд устгачихсан. Тэр үеэс ер нь эр хүний хийх ажил ховордсон л доо. Үүний уршгаар одоо өглөө ажилдаа яваад орой ирэхдээ цалингаа эхнэртээ авчирч өгөөд нэртэй хүндтэй явдаг аавууд даанч цөөхөн болсон байна.
Ер нь монгол эрчүүдийн ихэнх нь таксины жолооч болсон. Энэ бол гашуун үнэн. Үлдсэн зарим нь гэртээ сууж эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэх жишээтэй. Хоол ундаа хийнэ, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж ө
Бүх их дээд сургуулийн 80 хувийг эмэгтэй багш нар эзлэж байна. Яагаад гэхээр эрэгтэйчүүдээ бүгдийг нь жолооч болгочихсон учраас. Уг нь зохион бүтээх салбар, үйлдвэрийн инженер, технологи, мэдлэг гэх мэт салбаруудад эрэгтэйчүүд байсан нь дээр байдаг юм. Яагаад гэхээр эрэгтэй хүн чинь байгалиасаа аливааг гүн бодож, түүндээ төвлөрч чаддаг чадвартай байхгүй юу.
-Сүүлийн үеийн өндөр боловсрол эзэмшсэн монгол эмэгтэйчүүд нөхөр олдохгүй байна гэх зүйл яриад байгаа нь таны ярьсантай бас холбоотой байх тийм үү?
-Холбоотой байлгүй яахав. Энэ бол цэвэр эцэг, эхчүүдийн буруу. Хүүгээ багаас нь сайхан хүмүүжилтэй, өндөр мэдлэг боловсролтой хүн болгож төлөвшүүлэхийн оронд хар зөнд нь хаясны уршиг. Тэр нь явсаар ямар ч боловсролгүй хар ажилчин болоод хувирчихсан. Тэгэхээр чинь тийм яриа гарах нь аргагүй. Энэ байдал урт хугацаанд үргэлжилбэл ямар аюулд хүргэж болох вэ. Эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ сууж эхэлнэ. Нийгэмд маш олон лесби үүснэ. Одоо ч ийм байдал ажиглагдаж байна. Хөвгүүдээ тоохгүй, охид нь хоорондоо үерхээд эхэлчихэж.
-Эцэг эхчүүд өөрсдийн хүсэл эрмэлзлэлийг үр хүүхэддээ тулгаж, тэдний шийдвэрт нөлөөлөх нь хэр зөв юм бэ?
-Жишээ нь, ээж нар өөрт ашигтай учраас охиныхоо шийдвэрт, аав нар өөрт ашигтай учраас хүүгийнхээ сонголтод нөлөөлөх гэж оролдог. Энэ буруу шүү. Зарим аав залуудаа бөх болж чадаагүй учраас хүүгээ бөх болгох гээд зүтгээд байдаг. Өөрийнхөө гүйцэлдүүлж чадаагүй амбицыг хүүгээрээ дамжуулж гүйцэлдүүлэх гээд байгаа нь тэр байхгүй юу. Тэр хүү одоо аавдаа зориулж амьдрах юм уу. Тэр охин бас ээждээ зориулж амьдрах юм уу. Үгүй л байхгүй юу.
Нийгэм маань өөрөө чөтгөрийн тойрогт орчихсон байна. Энэ тойргийг бий болгоход хэрэгтэй, хэрэггүй зүйр цэцэн үгийн гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Жишээ нь, ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй ч гэх шиг. Юу ярьж байгаа юм. Хөдөө бол яахав жалгын мухарт ганцаараа байх хэцүү. Харин Улаанбаатарт залуу хүн ганцаараа байхгүй бол болохгүй. Энд чинь хүнтэй суухаасаа өмнө хэсэг хугацаанд ганцаараа байж, юм уншиж, өөрийгөө боловсруулж, санхүүгийн үүсвэртэй залгах тэр баталгаагаа бий болгох шаардлагатай байдаг. Тэгж байж нийгэмд орохгүй бол бусдын тоглоом болж дуусна. Тэгэхээр нэг хэсэгтээ ганцаараа байх бол хамгийн зөв арга. Саяны жишээнд авсан зүйр үг Улаанбаатарт лав тохирохгүй.
-Залуудаа хүнтэй суухгүй тэгээд хөгширсөн хойноо гэр бүл зохиох хэрэг үү?
-Залуучуудад хандаж хэлэхэд хүнтэй суух гэж адгах хэрэггүй. Суулаа гэхэд хүүхэдтэй болох гэж яараад бүр хэрэггүй. Өөрийгөө боловсруулаагүй, тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй л бол чиний хүүхдийг авах цэцэрлэг өнөөдөр Улаанбаатарт алга байна. Амьдрах байргүй, цэцэрлэг байхгүй бол хүүхдийг чинь хэн өсгөх юм. За яахав ээж дээрээ аваачаад өгч болно. Гэтэл эцсийн дүндээ тэр хүүхэд чинь чиний хүүхэд биш болж хувирна. Эмээгийн хүүхэд болно. Аав ээж хоёрыгоо тоохоо больчихдог юм, ийм хүүхэд.
-Нийгмийн дээд хэсэг буюу мөнгөтэй гэр бүлүүд өнөөдөр хүүхдүүдээ америк сургуулиар дамжуулан боловсрол олгож байгааг та юу гэж хардаг вэ?
-Үүнийг би хувьдаа ноёны суудлыг удам залган өвлүүлдэг феодлын үеийн зарчим эргэн сэргэж байна гэж харж байгаа. Учир нь америк сургуулиар хүмүүжсэн хүүхэд баруунд мэргэжил эзэмшиж ирснийхээ дараа улс төрийн өндөр албан тушаалд ч юм уу аль нэг банкны захирлаар шууд томилогддог. Ийм залуус дандаа улстөрчид, олигархиудын хүүхэд байдаг. Өнөөдрийн нөхцөлд сая хүрэхгүй цалинтай дундаж айлын хүүхэд төлбөр мөнгөө төлөөд тэр өндөр өртөгтэй европын сургуулиудад сурч чадахгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Нэгэнт баруунд боловсрол эзэмшээгүй тул төрийн том албанд тэнцэхгүй гэсэн үг.
100 жилийн өмнөх монголчууд нийтээрээ бичиг үсэггүй, тэр үед зөвхөн ноёны хүүхдүүд л бичиг үсэг мэддэг байсан. “Хүний мөр” кинонд ноёны хүү Гүрсэд бичиг үсэгтэй байхад, хөөрхий Чимэд ямар ч бичиг үсэггүй байдаг шүү дээ. Эрх мэдлийг үе дамжуулан залгамжилдаг тэр үеийн тогтолцоо яаж эргэн сэргэж байна гэхээр чи МУИС төгссөн учраас энэ албан тушаалд тэнцэхгүй, харин тэр сайдын хүү Харвард төгссөн учир энэ суудалд суух ёстой гэдэг үзэл л дээ.
-Монгол хүн эх орондоо монгол хэлнээсээ татгалзаад өөр хоорондоо англиар ярьж байгааг та юу гэж ойлгодог вэ?
-Аль нэг кафед сууж байхад хоёр монгол охин хоорондоо англиар дуржигнатал яриад байдаг. Бэлэн сайхан эх хэл нь байхад харийн хэлээр ярьж байгааг хараад би гайхдаг юм. Англи хэл хэдийд хэрэгтэй вэ. Хүн төрлөхтний мэдлэг боловсролтой танилцахад гарцаагүй хэрэг болно. Түүнээс бидний өдөр тутмын харилцаа эх хэлээрээ явагдах ёстой. Гэтэл одоо яаж байна гэхээр олон нийт ихээр цугларсан газар монгол залуус хоорондоо англиар ярилцаж байх жишээтэй. Монголоор ярих нь гутамшиг, англиар ярьвал их мундаг болчихож байгаа нь тэр юм байлгүй. Энэ нь яваандаа их муухай үр дагавар авч ирнэ. Хүн эх хэлээрээ яривал сэтгэлийн үгнүүд их гарч ирдэг л дээ. Тэгэхээр сэтгэлийн дотно нандин харилцаа устаж, хүйтэн хөндий харилцаа үүсч эхэлнэ. Сэтгэлийн угт байгаа зүйл бол заавал эх хэлээр илэрхийлэгдэх ёстой.
Бид германд гэр бүлээрээ олон жил амьдарсан. Тэгэхэд яадаг байсан бэ гэхээр би охинтойгоо гэртээ дандаа монголоор ярьдаг байсан. Хэдий германд байгаа ч гэсэн монгол хүүхэд аавтайгаа монгол хэлээр ярих ёстой. Тэр үед германы өөр хотод сурдаг манай нэг найз байдаг байлаа. Заримдаа тэднийд очихоор охинтойгоо германаар яриад явчихдаг. Тэгээд би найздаа хэлдэг байсан. Чи яаж байгаа юм, хүүхэдтэйгээ монголоор яриач гэж. Гэтэл өмнөөс монголоор ярьж чаддагүй юмаа гэж хариулах жишээтэй. Тэгээд би, чи юу ярьж байгаа юм, энэ хүүхдийг балласан байна, наад хүүхэд чинь хэзээ ч монгол руу явахгүй, эх орондоо очихгүй юм байна ш дээ гэж хэлдэг байв. Тэгэхээр манай найз германы ард түмэнд охиноо бэлдэж өгч байгаагаас өөрцгүй.
-Турк дунд сургуульд төгссөн хүүхдүүд төгсөөд шууд турк явж дээд боловсрол эзэмшдэг?
-Энэ сургуулиудад би хэлдэг. Та нар монголын нийгэмд зориулж хүн бэлдээгүй шүү гэж. Турк сургууль төгссөн хүүхэд турк руугаа, кембрижийн боловсрол эзэмшсэн хүүхэд англи руугаа л явдаг. Товчхондоо бол, бид өөрийнхөө улс оронд тэр ард түмний сургуулийг байгуулаад өөрийнхөө хүүхдүүдийг турк, англи, амеркийн ард түмэнд бэлдэж өгч байгааг ойлгоход хэцүү биш.
Бүх хувийн дунд сургуулийг төрийн болгох хэрэгтэй. Бүх сургууль монгол хэл дээрээ боловсрол эзэмшүүлдэг байх ёстой. Их, дээд сургуулиуд хувийн байж болно. Түүнээс биш дунд сургуулиуд хувьд байж яасан ч болохгүй. Үр дүнд нь өөрсдийн хүүхдээ гадаадын улс орон, тэдний соёлд зориулж бэлдэж өгч байна.
-Зах зээл дээр ажлын байр үй олноороо байгаа ч түүнд тэнцэх мэргэжилтэй боловсон хүчин хомс байгаа үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ?
-1990 оноос хойш бид мэргэжил гэдэг зүйлийг үгүй хийчихсэн. Социализм хэрэггүй гэж хуучин нийгмээ муулж байхдаа хамгийн хэрэгтэй мэргэжлүүдээ хамт устгачихсан. Мэргэжлийн түвшинд хийнэ гэдэг ойлголт бол үнэндээ бүдгэрч. Мэргэжлийн биш хүн ч тэр ажлыг хийж болдог болсон. Хамгийн сайн эмч нь эмнэлгийн дарга, хамгийн сайн багш нь сургуулийн захирал байх ёстой. Гэтэл одоо Эрүүл мэндийн сайдын ажлыг физикч хүн хийгээд сууж байх жишээний. ШУТИС-ын захирлаар нэг яруу найрагч нөхөр сууж байвал гайхаад хэрэггүй.
Нөгөөтэйгүүр диплом их чанаргүй болсон. Диплом гэдэг зүйл мэдлэгийн баталгаа биш ажилд ороход хэрэгтэй цаас болсон байна. Бүх их дээд, сургууль, боловсролын байгууллагууд мэргэжлийн биш учраас түвшин нь доошилсон. Чамд хэрвээ мөнгө л байх юм бол Удирдлагын академид мөнгө төлөөд Төрийн захиргааны удирдлага гэсэн бичигтэй диплом өвөртлөж гараад сумын засаг дарга хийж болно. Ингэж сурахдаа тэр сургуулийн хаалгаар шагайх ч хэрэг алга. Ямар ч асуудал байхгүй. Багштайгаа утсаар яриад л болчих зүйлийг тэгж төвөг удаж яах юм бэ.
-Манайд ер нь сэхээтнүүд байна уу. Сэхээтэн хүн гэж хэнийг хэлээд байна вэ?
-Олон нийтийн сэхээтэн манайд огт алга. Тэгж ярих юм бол сэхээтэн гэдэг үг өөрөө монголд утгаа алдчихсан байна. Аль нэг их сургуулийн диплом авчих л юм бол өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх гээд байна. Үгүй шүү дээ. МУИС-ийг төгссөн оюутан болгон сэхээтэн биш.
Сэхээтэн гэж нэрлэгдээд байгаа өндөр оюунтай хүмүүс яагаад байх ёстой вэ. Тэр хүмүүс чинь улс орныг авч явдаг байхгүй юу. Гэтэл манай ард түмэн тийм хүмүүсээ таньж улс төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаж ирж чадахгүй байна. Харин өөрсөд шигээ мэдлэг боловсролгүй харанхуй нэгнийг сонгож гишүүн болгочихоод нөгөө хүмүүсээ эргүүлээд хараадаг. Манайд сонгогчдын боловсрол гэдэг зүйл алга. Ийм байхад өөртэйгээ адилхан дугуйг сонгож төрд гаргачихаад түүнийгээ хагарчихлаа гэж зүхэх ямар хэрэг байнаа.
-Өндөр мэдлэгтэй сэхээтнүүд төрд гарч ирэхгүй байгаа нь тэд улс төрд хутгалдахыг хүсэхгүй байгаатай нь холбоотой юм биш үү?
-Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байхаар чинь яаж гарч ирэх юм бэ. Масс гэдэг чинь өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх тун дургүй. Ялангуяа монголчууд. Бид чинь өөртэйгөө ойролцоо, өөрөөсөө доош хүмүүсийг л хүлээн зөвшөөрдөг. Энэ хандлага нь эргээд биднийг ангалаас гарахад маш том тээг болж байна.
Англи, герман, японд дандаа шилдгүүд нь улс төрд ордог. Бусад нь зүгээр л өмнөх ажлаа хийгээд явж байдаг. Тэдэнд улс төр ярьж маргалдаж суух ч шаардлага байдаггүй. Яагаад гэхээр нөгөө сонгогдсон хүмүүс нь ажлаа асуудалгүй хийгээд явчихдаг учраас тэр.
-Хятадууд монголчуудыг дээлгүй байхад даавуутай, бууз хуушуургүй байхад хоолтой болгож өгсөн тухай та нэгэн өгүүлэлдээ бичсэн байсан. Гэтэл манайхны дунд хятадуудыг үзэн ядах, тэднээс болгоомжлох хандлага их байдаг шүү дээ?
-Бидний тусгаар тогтнол, түүний дайсан бол хятад биш манжууд байсан. Бид манж нартай эртнээсээ нааш л асуудалтай байсан ард түмэн. Манж нар одоо устчихсан. Хятад чинь тээр цаана байдаг улсууд. Хятадуудад уурлах, тэднийг үзэн ядах сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Энэ алдааг одоо засч залруулах болсон.
Үнэн хэрэгтээ манай ихэнх соёл хятадаас орж ирсэн, сүүлд оросоос орж ирсэн гэж хоёр хуваагддаг. Бид чинь ерөөсөө махаа чанаж идээд л, нүүдэл суудлаа хийгээд явдаг байсан улсууд. Хувцас бол яахав дандаа хөдсөн дээлтэй. Бууз, хуушуурыг манай үндэсний хоол гэх мэтээр ярьдаг.Тэр бүү хэл “Монгол эртний хуушуур” гэдэг нэртэй гуанз байхтай хүртэл таарсан. Энэ бол ёстой худлаа шүү.
Бууз яагаад манайх биш вэ гэдэг асуултад хариулахад буузыг эрт үед сүлжиж нэхсэн хулсан дээр битүү жигнэж болгодог байсан. Хулс нэгдүгээрт манайд байгаагүй. Энэ бол хятадад байдаг зүйл. Жигнүүр бол сүүлд л төмөр болсон болохоос. Хуушуурыг чинь хятадууд янз бүрийн ургамлын тосоор шардаг. Тэр шарж хайрдаг ургамлын тос нь ч манайд байхгүй.
Өөр нэг зүйл хэлэхэд ар монголын энэ нутаг дээр сүүлийн 200 орчим жил бид суурин амьдарч эхэлсэн. Түүнээс өмнө урдуур нутаглаж байсан. Учир нь ар монголын энэ нутаг дээр их хүйтэн өвөл болдог. Өвөлжихөд хэцүү. Одоо л бид байшинтай болчихоод Улаанбаатарт амьдраад байгаа болохоос биш. Тэр үед чинь эсгий гэрт тулгатай, хаалга байхгүй задгай үүдтэй л өвөлждөг байлаа шүү дээ. Яндан зуух байхгүй. Яндан зуух бол сүүлд бий болсон. Тийм нөхцөлд тэр үеийн монголчууд дулаан газраа бараадаж урагшаа чиглэлтэй өвөлждөг байсан.
-Урд хөршийн тухайд ийм байдаг байж. Тэгвэл оросууд монголчуудыг өвчнөөс нь салгаж, соёлжуулсантай та мэдээж санал нийлэх байх. Харин гуравдагч хөрш болох барууныхан маань бидэнд юу өгсөн юм бэ?
-Барууныхан бидэнд юу ч өгөөгүй. Биднийг ашиглаж хойд, урд хөршүүдийн маань эсрэг тавьснаас өөр зүйл хийгээгүй. Улс төрийн геополитик, газар зүйн энэ ашигтай байрлалыг эзэлж авахын тулд бидний тархийг угаасан. Жеймс Бэйкэр 1990 онд америкаас хүрч ирээд бидний тархийг аягүй муухайгаар угаасан ш дээ. Хоёр хөршийн маань эсрэг тавиад алах шахсан. Одоо бид хоёр хөрштэйгээ эргэж сайхан нөхөрлөж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. За яахав дээ, барууныхан бидэнд зориулж сургууль барьж өглөө гэхэд тэр сургуулиараа дамжуулж манай хүүхдүүдэд англи хэл зааж сургачихаад л аваад явчихна. Ийм хүүхдүүд эцсийн эцэст монголын төлөө биш амеркийн төлөө ажиллах нь хэнд ч тодорхой.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих үзлийн тухай яриад байна. Энэ бол манай нөхцөлд байж болохгүй зүйл. Бид одоо байгаа нутаг дэвсгэр, тусгаар тогтнолоо хадгалаад энэ геополитикийн байршил дээрээ сайхан амьдрах хэрэгтэй. Үүний төлөө орос, хятад хоёртой ах дүү шиг болохоос өөр аргагүй.
Өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүний 90 хувь урдаас, бүх шатахуун хойноос орж ирж байна. Ийм байтал бид төвийг сахиж яах гээд байгаа юм. Америк бидэнд шатахуун өгсөн үү, америк манай бараа бүтээгдэхүүний 90 хувийг хангаж байна уу гэх мэтээр бодоод үзэх хэрэгтэй.
Р.Улам-Оргих
СЭТГЭГДЭЛ БИЧИХ