“Камертон 2” шоуны ялагч "Бид 4" хамтлагийн ахлагч Б.Замбалгаравтай уулзаж ярилцлаа.
-Ярилцлагаа “Та хэн бэ” гэдэг асуултаар эхэлмээр санагдлаа.
-Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Бага нас, сурагч нас маань тэнд өнгөрсөн. 2004 онд СУИС-д элсэн орж 2009 онд гоцлол дуулаачийн мэргэжлээр төгссөн юм. 2011 оноос Отгонтэнгэр их сургуульд бизнесийн эрх зүйн ангид сурч төгссөн. Хүүхдүүд бага байхдаа “би дарга болно”, “би сансарын нисгэгч болно” гээд л ярьдаг даа. Миний хувьд “цэргийн хүн болно” гэж боддог байлаа. Тиймдээ ч багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан.
-Цэргийн хүн болох бодлоо хэзээнээс орхиж, урлагийн хүн болохоор шийдэв?
-Жаахан том болоод жинхэнэ хүсэл тэмүүлэлээ олсон. Анх тавдугаар ангийн сурагч байхдаа дуу хөгжмийн багшдаа шалгуулахад намайг гоцлол дуулж чадахааргүй юм байна гээд найрал дуунд зогсоосон юм. Шарандаа тэр жилдээ оролдсоор байгаад дараа жил нь сургуулийнхаа урлагийн үзлэгт анх удаа гоцлол дуугаар орж хоёрдугаар байр эзэлж байлаа. Манай удамд урлагийн хүн байхгүй. Ээж маань алгебрийн багш, банк санхүүгийн мэргэжилтэй, аав маань эмч мэргэжилтэй. Гэсэн ч аав, ээж хоёр маань их гоё дуулдаг. Тэр минь намайг эмч эсвэл санхүүгийн мэргэжилтэй болгоно гэж ярьдаг байсан болохоор урлагийн хүн болно гэхэд их дургүйцсэн. Долоодугаар ангид байхад манай дуу хөгжмийн багш “Би эстрадын дуучин” тэмцээнд ор гэлээ. Авъяастай олон хүүхдүүд орж байсан ч би түрүүлчихсэн. Түүнээс их урам авсан даа /инээв.сур/ Үүнээс хойш “Эстрадын дуучин” тэмцээнд 8,9,10-р ангидаа бас түрүүлсэн.
-"Soul mate crew” хамтлагтай байсныг тань мэднэ.
-Чадвартай, сайн хүүхдүүд хамтлагт маань байсан. Гэвч ихэнх нь замынхаа дундаас өөр зүйл хөөсөн. Гэхдээ багынхаа найзтайгаа хамтлагтаа үлдээд СУИС-д ороод үргэлжлүүлэн хамтлагаа авч явсан. Дуучин Г.Тэнүүн, би, багийн найз Э .Балжинням, манай хамтлагийн Б.Баяраа, Б.Оргил нарын гишүүнтэй. Бид нар яг адилхан сонирхол, хүсэл тэмүүлэлээрээ нэгдэж байлаа. Тэгээд чанартай бүтээл хийх гээд үздэг, оролддог, хичээдэг байсан. Мөнгө, санхүү, сайн продюссер хэрэгтэй байсан болохоор нэг л болж өгөөгүй юм. Бүх зүйл дээр нарийн тооцоолж зөв хөдлөхгүй бол болохгүй байсан үе. Яг тэр үед “Камертон-2” шоу болж гар гараа бариад шийдвэр гаргасан.
-“Бид 4” хамтлагийн гишүүд “Камертон 2” шоунаас биенээ таниж нөхөрлөсөн гэж бодож явлаа. Тэгсэн эртний найзууд юм байна.
-Манай хамтлагийн Б.Баяраа, Б.Оргил бид гурав чинь нэг хамтлагт байсан шүү дээ. Бид хамтлагаа тарааж шоунд тус тусдаа бие дааж оролцсон. Хүмүүсийн анхаарлыг татах гээд нүүрээ будаад, Солонгос стиль хөөж худлаа шоу хийх сонирхол бидэнд байгаагүй. Тэгээд шоунд оролцъя, авъяас байвал шалгарна, байхгүй бол нэг нэгээрээ уран бүтээл хийе гэж шийдээд л оролцсон чинь гурвуулаа үлдсэн. Энийг маш их аз завшаан, хувь тавилан гэж боддог. Ер нь бол анх Камертон хамтлагийг сонссон цагаасаа эхлэн хамтлагаар дуулах хусэл мөрөөдөлтэй болж тэрнийхээ төлөө зүтгэсэн.
-Хамтлагийн нэрний утгыг “Бид 4 байнга хамт байна” гэх утгатай гэж урьд нь тайлбарлаж байсан. Гэсэн ч шинэ гишүүнтэй болжээ?
-Анх хамтлагийнхаа нэрийг ярьж байхдаа Монгол нэр байх ёстой гэж тохиролцсон. Хэд Монгол утга агуулгатай нэр өгөхөөр үндэсний язгуур урлагийн хамтлаг шиг болчих гээд байсан юм. Англи нэр бол санаанд буугаагүй ээ. Хөгжмийн хэллэг өгөх гэхээр ихэнх хамтлаг авчихсан байсан. “Бид 4” гэдэг чинь бид дөрөв энэ шүү, бид байнга хамт байна гэсэн утгатай. Атгасан гар шиг зорилгынхоо төлөө хамтдаа бид дөрөв л зүтгэнэ гэдэг агуулгыг бэлэгдэж ийн нэрлэсэн хэрэг л дээ. Гэвч манай хамтлагийн Оргил, Баяраа хоёр маань хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч ажиллахаар болсон байгаа. Тийм учраас бид хамтлагтаа хоёр шинэ гишүүн аваад одоогоор бэлтгэл сургуулилалтын ажилдаа эрчимтэй ороод ажиллаж байна. Бүх зүйл анхных байсан. Анхны дуу, анхны бичлэг, клип гээд бүх зүйл сайхан байсан. Ямартаа ч хамтлагаа сайхан авч явахын төлөө чадлынхаа хэрээр хичээж байна.
-Сүүлд “Ромео Жульетта” жүжгийн дууг дуучин Ц.Сарнайтай хамтран дуулсан. Санал ирсэн үү?
-Анх энэ тухай сонсоод маш их баярласан. Гэхдээ олон дуучид байгаа болохоор ирж хоолойгоо шалгуулах хэрэгтэй байна түүний дараагаар шийднэ гэж байсан болохоор эхэндээ их л хүлээлттэй байсан. Тухайн өдөр продюсер Чинбат ах дээр ирж шалгуулахад шууд л “Хоолой чинь таалагдлаа Сарнай эгчтэйгээ хамтраад дуулаарай” гэхэд миний хувьд маш их баярласан. Тэр гайхалтай жүжгийн дууг ийм мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж дуулна гэдэг залуу дуучин миний хувьд маш том аз завшаан. Энэ дашрамд хэлэхэд намайг сонгож дуулуулсан Улсын драмын театрын жүжигчиддээ мөн Монгол улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат ах, Сарнай эгчдээ, яруу найрагч Х.Соёмбо, найруулагч Ган-Очир ахдаа маш их баярласнаа хэлмээр байна.
-Мөн саяхан “Би чамд хайртай 18 нас” киноны дууг дуулсан байна.
-Тэгсэн. Найруулагч Б.Тамирын бүтээл “Би чамд хайртай 18 нас” хэмээх залуусын хайр дурлалын сэдэвт, утга уянгын төрлийн киноны дууг манай хамтлаг шинэ бүрэлдэхүүнээр дуулсан. Дууны үгийг Х.Соёмбо, ЗЗ нар бичиж, Нааба бид хоёр аяыг нь зохиосон байгаа.
-Ер нь дууныхаа аяыг өөрөө зохиодог уу?
-Өөрсдөө зохиосон үг, ая бий. Ер нь аль болох өөрсдийнхөө боломж нөөцөө ашиглахийг боддог.
-Ярилцлагын төгсгөлд "Бид-4" хамтлагийн цаашдын уран бүтээлийн талаар асуумаар байна.
-Их зүйл хийхээр төлөвлөж байгаа. Хэдийгээр гишүүд маань солигдсон ч тэд их зүйлийг бүтээх чадварлаг залуус бий. Бидний гол зорилго бол чанартай уран бүтээл хийж эх орныхоо нэрийг ямагт өндөрт өргөж явах юм. Энэ зорилго мөрөөдөлд олон хүмүүс хамаатай. Урлаг гэдэг өөрөө хамтын бүтээл шүү дээ. Ая, хөгжим, дүрс, тайз, дэлгэц гээд бүх уран бүтээлчид маань амжилттай сайн сайхан яваасай л гэж залбирдаг. Тэгж байж тэд нийгэмд сайн сайхныг бэлэглэнэ.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ