Хэрэглэгчдэд үйлчиллээ

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байгаа энэ өдрийг манай улс “Антибиотикийг цэснээсээ хасья” уриатай тэмдэглэлээ.
Мөн хэрэглэгчдэд мэдээлэл, үйлчилгээг ойртуулах үүднээс Чингисийн талбайд "Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ" өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Хэрэглэгчийн нийгэмлэг бусад төр, төрийн бус байгууллагууд оролцлоо.
Энэ үеэр иргэд, хэрэглэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна алт мөнгөн эдлэл дээр нь сорьц дарж өгөх, баталгаажаагүй тоолуурыг баталгаажуулж өгөх, А3 сертификатын сургалтыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд нууцлалын код өгөх, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалах үйлчилгээг иргэдэд хүргэв.
Монгол улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаад буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ