Бизнесийнхэнд халгаатай НӨАТ

Худалдан авалт бүртээ баримт нэхээрэй, тэгээд сугалаандаа оролцоорой гэж Засгийн газрын тэргүүн уг нь иргэддээ уриалсан. Энэ уриалга харин маш сайн ажил хэрэг болж, иргэд худалдаан авсан ширхэг бараа бүрийнхээ баримтыг нэхэн авч, 14 хоног тутамд явагддаг хонжворт сугалаанд оролцож байгаа. Сард хоёр удаа азаа үзэж, зарим нь 20 мянгыг хэдэнтээ сугалчихсан, сугалаа таараагүй хэсэг нь итгэл алдахгүй горьдлого тээсээр л байгаа. Басхүү жилийн эцэст худалдан авалт бүрийнхээ 2 хувийг эргүүлэх авах юм билээ.
Ийнхүү НӨАТ-ын хуулийн хэрэгжилт олны хүртээл болон сайн хэрэгжиж, татварт төвлөрөх мөнгө нь нэмэгдсэн мэдээлэлтэй байгаа. Гэхдээ нөгөө талд хуулийн хэрэгжилтээс болж ашиг орлого хумигдаж, зарлага давамгайлан, дампууралд хүрээд байна гэх бухимдал тээсэн бизнес эрхлэгчид байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт тэднийг өдөр бүр бухимдуулах болжээ. Сугалаанд хожихоор тэмүүлсэн иргэд худалдан авах бараагаа бөөнд нь бус ширхэг тус бүрээр нь бичүүлж, баримт нэхэж байна гэнэ. Тиймээс кассын талон хэдхэн хүний барааг бичээд л дуусчихдаг аж. Уг нь ч тэр цаасыг худалдан авах үнэ 800 төгрөг л юм билээ.
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Тэд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн шүүмжиллээ.
Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүргэжээ.
Татварын байгууллагаас кассын машин ашиглахгүй байгаа дэлгүүр, хоршоо, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин торгуулиа бэлнээр төлчих санхүүгийн чадамж жижиг бизнес эрхлэгчдэд хомс. Орлого нь жилийн 50 сая төгрөгт хүрдэггүй бизнес эрхлэгчдийг "татвар суутган төлөгч" болгож байгаа нь ч жижиг худалдаа эрхлэгчдийг цаашид ажлын байраа алдахад хүргэжээ. Төрөөс хоёр сая төгрөгийн дарамт бүхий шахааны бизнес аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирсэн. Нэгэнтээ алдагдал хүлээж, дампуурлаа зарлахгүйн тулд барааны үнэ ханшаа өсгөөд эхэлсэн байна.
Жишээлэхэд, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ширхэгийг нь 240 төгрөгөөр авч таван төгрөгийн ашиг харж дараагийн үйлчлүүлэгчид 245 төгрөгөөр худалдахад л шинэ хуулиар төлөх татвар нь 24 төгрөг болж өсчээ. Тиймээс бизнес эрхлэгчид НӨАТ-т жишиг тавихыг шаардаж байна. Ингэхдээ хотын А, Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаагаасаа шалтгаалан татварын хэмжээ өөр, өөр тогтоох нь зүйтэй гэсэн санал ч гарч байна лээ.
Ийнхүү оны эхнээс хэрэгжсэн НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдийг туйлдуулж байна. Тиймээс дарамтыг багасгах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг тэд тавьж байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ