Кейт дель Кастильо: Эль Чапо баригдсан нь миний буруу

Мексикийн жүжигчин Кейт дель Кастильо энэ сарын 19-нд Америкийн “ABC” телевизийн “20/20 A” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Тантай холбоотой дуулиан олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Мексикийн “Синалоа” хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн нуугдаж буй байршлыг цагдаагийнханд зааж өгсөн гэх юм?
-Би өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн ч олон нийтийн хардлага тийм ч амархан зогсохгүй. Хүмүүс намайг “Эль Чапог барьж өгсөн” хэмээн буруутгадаг.
-Холливуудын жүжигчин Шон Пенн, Эль Чапотой уулзаж, баримтат кино хийхийн тулд тантай холбоо барьсан. Яагаад Пеннийн саналыг хүлээн авсан вэ?
-Шон Пенн намайг хулхидсан. Харамсалтай нь түүний үгэнд орж, Эль Чапотой холбоо тогтоосон өөрийгөө үзэн ядаж сууна.
-Шон Пенн таныг хэрхэн хулхидсан юм бэ?
-Бид нэг нэгнээ 2012 оноос сайн мэддэг байсан. Энэ хугацаанд Эль Чапо нэг бус удаа цагдаагийнханд баригдаж, өнгөрсөн долоодугаар сард шоронгоос оргосон. Энэ бүхэн жүжигчний анхаарлыг татсан. Түүний нуугдаж буй газар тодорхойгүй байсан учир надтай холбоо тогтоосон юм. Шонн намайг Чапотой холбоотой гэдгийг сайн мэдэж байсан. Зөвхөн “ярилцлага авна, ямар ч улс төрийн зорилгогүй” хэмээн намайг уран үгээрээ уяруулсан.
-Та Чапогийн нуугдаж буй газрыг мэдэж байсан гэж үү?
-Үгүй.
-Тэгвэл Шонн таныг яагаад сонгосон юм бол?
-Учир нь би Чапотой мессежээр харилцдаг байсан. Бусдын мэдэхгүй утасны дугаар нь надад бий. Би жүжигчний үгэнд итгэж, Чапо руу мессеж явуулсан.
-Та зүгээр ч нэг мессеж бус нэлээн сээтэгнэсэн өнгө аястай мессеж явуулсан гэдэг. Энэ үнэн үү?
-Үнэн. Эль Чапо үнэхээр хүчирхэг эр хүн.
-Та хэрхэн Чапотой холбоо тогтоосон юм бэ?
-2005 онд түүнийг шоронгоос оргосны дараа нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж байсан. Түүний үзэл бодол их таалагдсан.
-Хэвлэлүүд та хоёрыг амрагийн холбоотой гэж бичдэг. Та түүнтэй дотно харилцаанд орж байсан уу?
-Дотно харилцаатай хэмээн биднийг байнга харддаг. Чапо миний аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулдаг байсан. Намайг дотны найзаа хэмээн боддог байсан юм. Америкчуудын үгэнд орж би нэг сайн нөхрөө цагдаагийнханд бариад өгчихлөө. Өөрийнх нь талаар кино хийнэ гэдгийг сонсоод Чапо их баярласан. Харамсалтай нь уг кино хийгдэж амжаагүй байхад тэрбээр баригдчихлаа. Кино дууссаны дараа Чапогийн зураг болон ярилцлага хэвлэлд гарах байсан. Шонн өөрийн зорилгоо биелүүлж, амжилттай Америкт очсоны дараа амласнаасаа буцаж түүний мэдээллийг сэтгүүлд нийтэлсэн. Чапотой уулзуулах ажиллагаанд оролцсон би болон миний хамтрагчид хохирогч болсон.
-Уг ярилцлагын дараа таныг сүрдүүлсэн гэсэн?
-Тиймээ. Би бие хамгаалагчийнхаа тоог нэмсэн.
-Таны төлөвлөгөөг нураасан жүжигчин Шоннд уурлаж байна уу?
-Тиймээ. Энэ залуу миний амьдралыг үгүй хийсэн. Хэрвээ би татгалзсан бол Чапо баригдахгүй байсан байх. Би өөрийгөө буруутгаж сууна. Эль Чапо баригдсан нь миний буруу.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ