Тоглолтын орлогоор 100 тонн өвс авчээ

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын” хамтарсан тоглолтыг энэ сарын 14, 16, 19-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглоод буй. Тэд дөрвөн өдрийн тоглолтын орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл авчээ. Уг өвсийг болон ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, аж ахуй нэгж, иргэдээс цугларсан лаа шүдэнз, усны сав зэргийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Шадар сайд Ц.Оюунбаатар
-МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аяныг санаачилж “Хаврын найраг” тоглолтыг тоглосон. Тухайн тоглолтынхоо хуримтлалаар бий болгосон 100 гаруй тонн өвсийг цас зуд ихтэй, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Баруун аймгууд руу ачиж явуулахаар төлөвлөж байна. Хоёр дуучин маань Монгол Улсын Засгийн газарт асуудал хүргүүлж, малчдад хэрэгтэй байгаа өвс, тэжээл, нэмнээ, лаа шүдэнзийг дээрх аймагт хүргэж өгөх хүсэлтийг тавьсан. Хүсэлтийн дагуу ОБЕГ энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Засгийн Газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг холбогдох байгууллага энэхүү хандивын арга хэмжээг бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байгаа.
Өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймагт хүргэнэ
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цас, зудтай байна. Тэр дундаа Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 22 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Архангай зэрэг дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай байна. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас тусламжаар хүлээж авсан энэхүү ачаа барааг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймагт хүргэх ажлыг даруй зохион байгуулна.
МУГЖ, дуучин С.Жавхлан
-Дөрвөн өдрийн тоглолтын орлогоо тухайн өдөрт нь өвс, тэжээл авахаар гаргасан учраас яг тэдэн төгрөгөөр хэмжигдэх мөнгө цугларсан гэж хэлж мэдэхгүй байна. Маш олон хүний сэтгэлийн дэмээр энэхүү 50 машин өвсийг авлаа. Мөн хувь хүнээс маш их тусламж ирсэн. Албан байгууллага, сургууль, Замын цагдаагийн газар гээд олон аж ахуй нэгж хамтран ажиллалаа. Энэ аян жил бүхэн үргэлжлээсэй. Сүү уудаг Монгол, мах иддэг Монгол л бол мал, малчин, байгаль дэлхий гурваа дандаа хайрлаж явах ёстой.
Орон нутгийн тоглолтын тов гараагүй байна
МУГЖ, дуучин Т.Баясгалан
-Тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс дуусан дуустал халуун алга ташилтаар угтаж авсанд маш их баяртай байгаа. Бид алтан хит дуугаа шигшиж дуулсан. Бүх хүний мэддэг сайхан дуу учраас бүгдээрээ хамтдаа дуулсаар тоглолтоо өндөрлөсөн. Монгол Улсын Засгийн газар энэхүү аяныг дэмжиж байгаа учраас бид хоёр нягт холбоотой ажиллаж зарим аймаг, суманд хамт очиж, өвс тэжээлийг хүргэе гэсэн бодол байна. Орон нутгийн тоглолт хэзээ эхлэх тухай тодорхой тов гаргаагүй байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ