Миссүүд эрчимт эмчилгээний тасгийг тохижуулна

img

“Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Оролцогч миссүүд “Сүүн дусал” сайн үйлсийн аяны хүрээнд хандив цуглуулж "Хүрээ" амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг сэргээн засварлах болжээ.

 

Тэмцээнд Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 12 мисс, Монгол Улсаас зургаан оролцогч өрсөлдөж буй юм. Тэмцээний  “Мисс гүүдвилл” номинацийн хүрээнд дээрх сайн үйлсийн аян эхлүүлсэн байна. Аяны хүрээнд "Хүрээ" амаржих газар буюу нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг 32 сая төгрөгөөр сэргээн засварлахаар төлөвлөжээ. Одоогоор мисс бүсгүйчүүд үндэсний томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг танилцуулан борлуулж 10 орчим сая төгрөг цуглуулаад байгаа гэнэ.

 

2006 оноос хойш зохиогдоогүй тус наадам энэ сарын 20-28-ны хооронд үргэлжлэх юм. Олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, үндэсний хувцастай мисс, оюунлаг мисс гэсэн зургаан төрлөөр шилдгээ тодруулах аж. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27-ны өдрийн 19.00 цагт “Corporate hotel and convention centre”-д болно. Тэргүүн мисс есөн эрдэнийн шигтгээ, 999 сорьцын алтан буга бүхий цэвэр мөнгөн титэм болон 30 сая төгрөг хүртэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ