Явуулын музейг нээлээ

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан “Мобиком” корпорацийн “Теди” төвийн байранд “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн түүхэн товчоо” үзэсгэлэн өнөөдөр нээлээ.
Эл үзэсгэлэн “Явуулын музей” хэлбэрээр үүрэн холбооны байгууллагуудад ээлж дараалан байрших аж. Уг үйл ажиллагааны нээлтийг үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпорациас эхэлж буй юм байна. Үзэсгэлэнд Монгол Улсад харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөн түүх, өнөөг хүртэлх хугацаанд ашиглаж ирсэн техник тоног төхөөрөмж зэрэг түүхэн үйл явдал, цаг хугацааг харуулсан үзмэрүүдийг байршуулжээ. Түүнчлэн харилцаа холбооны салбарт хэрэглэж байсан радио хүлээн авагч, морзын төхөөрөмж, зурагт зэрэг хуучны олон төхөөрөмжийг дэлгэсэн байна.
Энэ талаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Мэдээлэл, харилцаа, холбооны 95 жилийн түүхийг харуулсан явуулын музей ажиллаж эхэллээ. Энэ явуулын музей Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн телефоны оператороор дамжин, хамгийн сүүлд Мэдээлэл холбооны сүлжээ сургуульд очиж өндөрлөнө. Бидний өдөр тутам ашиглаж буй ухаалаг гар утас, интернет Монгол Улсад хэрхэн бий болсныг таниулах зорилготой харилцаа холбоо сонирхдог хэн бүхний хувьд сонирхолтой музей байх болно” хэмээв.
Уг үззэсгэлэн “Теди” төвд энэ сарын 9-ний өдрийг хүртэл байршина. Үүний дараагаар “Скайтел” ХХК-ийн үйлчилгээний салбарт нээх аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ