“Ромео Жульетта” орон нутагт тоглогдоно

img

 

Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй соёл урлагийн бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд драмын урлагийг сурталчлах, мэргэжлийн уран бүтээлээр үйлчлэх, төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран зохион байгуулж орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр ирсэн билээ.

 

            Тухай бүрийн аялан тоглолтын үзвэрийн хөтөлбөрт нас насны үзэгчидэд зориулсан сонгодог, түүхэн, орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын бүтээлүүдийг оруулж авч явдгаас гадна үйл ажиллагааны хөтөлбөрт тоглолт, уран бүтээлчдийн уулзалт, ярилцлага болон бусад олон талт өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.

 

            Өнгөрсөн 14 жилийн хугацаанд бид бүхэн “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо 21 аймагт зохион байгуулж 2323 удаагийн тоглолт хийж 205,656 гаруй үзэгчидэд үйлчилсэн байдаг.

 

            “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт Дархан, Эрдэнэт хотноо 2002, 2008, 2011, 2015 онуудад амжилттай зохион байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тус хотуудын үзэгчдийн хүсэлтээр энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон билээ.

 

            Энэ удаад бид УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн 55 жил, Орхон аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн сонгодог бүтээлийн дээж У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг орон нутагт” уриан дор 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Аялан тоглолтын хөтөлбөрт мөн Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн уран бүтээл багтсан болно.

 

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ