“Жангар” хүүхэлдэйн киног маргааш нээнэ

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэн бүтээсэн “Жангар” 3D хүүхэлдэйн кино Монгол Улсад маргааш нээлтээ хийх гэж байна. 104 ангит тус хүүхэлдэйн киноны нээлт Монголд төдийгүй олон улсад болохоороо онцлог аж.
Эл киног ӨМӨЗО-ны "Jangar international", "FSM media group", "Chimdee's music" гэсэн гурван компанийн 100 гаруй уран бүтээлч хамтран бүтээжээ. “Жангар” туулийг сонгон авсан нь хүүхэд, багачуудад өв уламжлалаа сурталчилан таниулах, дэлхийн олон улсад нээлтээ хийснээр эх орныхоо үүх түүхийг дэлхий нийтэд таниулахыг зорилго болгож буй юм байна. Энэхүү кино нь нутаг, улс үндэстнээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл аж.
Ингээд "Жангар" олон ангит хүүхэлдэйн киноны нээлтийн хуваарийг танилцуулж байна.
Дөрөвдүгээр сарын 16-нд-Монгол Улс /Улаанбаатар хот/
Дөрөвдүгээр сарын 21-нд-БНХАУ /Бээжин хот/
Тавдугаар сарын 1-нд- ОХУ, /Буриад, Улаан-Үүд хот/
Тавдугаар сарын 5-нд- ОХУ, /Тува, Кызыл хот/
Тавдугаар сарын 10-нд ОХУ, Халимаг, Элст хот/-д тус тус нээлтээ хийх нь ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ