“Туркийн соёлын өдрүүд” болно

“Туркийн соёлын өдрүүд” арга хэмжээ гурав дахь жилдээ энэ сарын 22-29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас долоо хоногийн хугацаанд долоон бүрэлдэхүүн хэсэгтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал,
- Нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон Улсын Хүүхдийн баярын өдөрт зориулсан баярын тоглолт энэ сарын 22-нд “Хүүхдийн Урлан” төвд болох юм. Энэ үеэр гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна “Өнөр бүл” асрамжийн газарт гарын бэлэг гардуулах аж.
- “Туркийн кино долоо хоног” арга хэмжээ “Тэнгис” кино театр болох бөгөөд тус улсын соёл, уламжлалыг сурталчилсан киног үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм байна.
- Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад энэ сарын 24-26-ны хооронд айлчлах юм. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтын талаар холбогдох байгууллагуудын хүмүүстэй уулзах аж.
- Дарданелийн хоолойн тулалдааны 101 жилийн арга хэмжээ болон хүндэтгэлийн хүлээн авалт болно.
- “Монголын Урчуудын эвлэл”-ийн хороонд Турк улсын соёл, аж ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм.
- Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заах юм байна. Түүнчлэн тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.
- Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц унших аж.
Түүнчлэн эл өдрүүдэд Турк Улсын эдийн засгийн чуулга уулзалт болох бөгөөд тус улсын Шадар сайд манай улсад айлчлан ирэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ