“Зангараг” шилдгээр шалгарчээ

img

 

Адал явдалт, тулаант төрлийн шилдэг кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадамд зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” кино өрсөлдөж, шилдгээр шалгарчээ.

 

 “Детектив фест” олон улсын наадам ОХУ-ын Москва хотноо 18 дахь удаагаа энэ сарын 20-24-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд анх удаа манай улсаас кино өрсөлдөж шилдгээр шалгарсан байна. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс 35 нь дараагийн шатанд шалгарч, оны шилдэг киноны төлөө өрсөлдсөн ажээ.

 

 “Зангараг” уран сайхны кинонд хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж, мөхөл рүүгээ ойртож буйгаа хэзээ ч ухаардаггүй тухай өгүүлдэг. Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, МУГЖ Ц.Төмөрхуяг, дүрүүдэд  Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Д.Бямбацогт, Г.Золбоот, МУГЖ Ц.Төмөрбаатар, Е.Баярмагнай, Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gее нар тогложээ.

 

Мөн адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шалгаруулах номинацад “Зангараг” кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар нэр дэвших болзол хангаж, есөн орны уран бүтээлчтэй өрсөлдсөн байна.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ