Б.Баатар, П.Анужин хоёрт ярих зүйл үлдсэн үү

Дахиад л “Херо” энтертайментаас алдагдсан бичлэгийнхээ асуудлаар мэдээлэл хийх гэнэ. Студийн захирал, найруулагч Б.Баатар нь өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ны өдөр “Бичлэгээ алдчихлаа. Манай серверт хүссэн хүн бүр ороод байхаар биш. Нэлээд хамгаалалт сайтай. Энэ бол ганц нэг надад дургүй хүмүүсийн эсвэл манай студийг чадах гэсэн гурав дөрвөн хүн, аль нэг компанийн хийсэн хэрэг биш. Маш том бүлэглэлийн хийсэн зохион байгуулалттай ажил. Энэ бол оюуны маш том хулгай” хэмээн сүржин мэдээлэл хийж, улс төрийн намын явуулга гэж хардаж буйгаа ч нуугаагүй.
Үүнээс сарын дараа Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагчийн ажлаасаа татгалзаж, “Eagle news” телевизийн найруулагчаар ажиллах болсон. “Би улстөрч биш, улс төрд орох ч үгүй. Харин телевизийн салбарт насан туршдаа ажиллана” хэмээж байсан хүн Х.Баттулгын “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” гэх хоёр компанид цагдаагийн байгууллага нэгжлэг хийх үеэр жинхэнэ улстөржиж харагдсан. “Eagle” хаана байна. Одоо Н.Түвшинбаяраас яриа авна шүү. Би нэг яриа өгөөдхөе. Дараа нь тэр хүнээс. Тэгээд та нэг яриа өгчих” хэмээн сандрангүй гүйж, харин ч нэг сайн найруулагч гэдгээ харуулаад амжсан. Арын албанд ийн сайн найруулагч хийсэн нь учиртай биз.
Мань хүнийг ингэж явахад цагдаагийн байгууллагаас нөгөө бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл гэх сүржин хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй учраас прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан” хэмээсэн. Тэгэхээр Б.Баатар, “Херо”-ийнхон өөрсдөө дүрмийн бус тоглолт хийж дүр эсгэж маягласан болж таарав.
Хэрэг нэгэнт ингэж шийдэгдсэн байтал өнөөдөр дахиад л хэвлэлийн хурал зарлажээ. П.Анужин эхлээд ганцаараа хэвлэлийн хурал хийж, үргэлжлүүлэн “Херо” энтертайментаас алдагдсан бичлэгийнхээ асуудлаар ахиад л мэдээлэл хийнэ гэнэ. Тэдэнд дахиад ярих юм юу үлдээ бол. Тэдний “Бид бичлэгээ хулгайд алдсан. Гомдолтой байна” хэмээн үнэхээр алдчихсан юм уу, өөрсдөө гаргачихсан уу гэж эргэлзмээр зүйлийг давтан ярьж, дахин дахин мэдээлэл хийх нь залхмаар байна. Ингэх тусам тэд өөрсдийгөө Монголд байхгүй уран бүтээлчид шиг санаж буй мэт харагдах болов.
“Монгол тулгатны 100 эрхэм” олон нийтийн таашаалд нийцсэн сайн нэвтрүүлэг. Зарим телевизийн ток шоу, ярилцлагын нэвтрүүлэгтэй харьцууламгүй баялаг өгүүлэмжтэй. Гэвч зөвхөн “Херо”-ийнхон тийм нэвтрүүлгийг хийсэн, хийдэг, хийх юм биш. Мөнгө нь байгаад, санхүүгийн боломж бололцоо нь байдаг бол манайд чадвартай, шинэлэгээр сэтгэх уран бүтээлчид цөөнгүй бий. Залуус Б.Баатар шиг хар эрээн эсвэл улаан эрээн дээлтэй ганц сайхан ахтайсан бол ч...
Бас П.Анужин. Нэг тогооноос хоол идэж байсан Б.Баатартайгаа хөлөө жийлцэж эхлэв бололтой. П.Анужин өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хийж дуусаагүй байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу. Эсвэл хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна. Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл “Херо” энтертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч. Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо” хэмээн мэдэгдэл гаргажээ. Ийн Б.Баатар “том бүлэглэл хулгайлсан” хэмээсэн бол П.Анужин түүнийг нь үгүйсгэж бараг л Б.Баатар өөрөө тарааж, сонгуулийн шоу хийж байгаа гээд хэлчихсэн. Тэгсэн “Херо” энтертайментаас “Чи дайн зарлаж байгаа юм уу? Үр хүүхдээ бодоорой” хэмээн сүрдүүлсэн юм байх. Б.Баатар өнгөрсөн намар л П.Анужинтай авахуулсан дотно сельфигээ инстаграммдаа байршуулж муугүй харьцаатайгаа олон нийтэд харуулаад амжсан. Гэтэл гэнэтхэн л нэг нь дарамтлуулж, нөгөө нь дарамталсан болчихов. Яагаад чихрээ булаацалдсан хүүхдүүд шиг муудчихав.
Энэ ч бас өнгөлөн далдалсан, үзүүлэх тоглолт ч юм билүү, хэн мэдлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ