Дарьгангын хайгуулыг 25 сая ам.доллароор хийнэ

Эрдэс баялгийн бодлогын зөвлөл хуралдлаа
Эрдэс баялгийн бодлогын зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцлээ.
Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.
Үүнд: Төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авах, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс санал авах хугацааг уртасгах, дэмжсэн санал өгөгдсөн тохиолдолд хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох, өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгаж байна.
Мөн түүнчлэн уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг батлах, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зурлаа.
“Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компани нь тус талбайн хайгуул ашиглалатын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин ий энержи” ХХК-иар дамжуулан гүйцэтгэх бөгөөд эхний 4 жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна. Цаашид тус талбайн хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.
Уул уурхайн салбарын ААН-үүдийн мэдээллийг цахимаар авах боломжтой боллоо
Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад /ОҮИТБС/ 2006 онд нэгдэн орсон. Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг. Монгол Улс 2006-2015 онд ОҮИТБС-ын 9 жилийн тайланг хэвлэн нийтэлсэн.
Энэ хугацаанд давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж тайлан гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгож, Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.
Эдгээр мэдээллийг урьд өмнө нь цаас байдлаар тайлагнадаг байсан. ОҮИТБС Үндэсний зөвлөл тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн туслалцаатайгаар Монгол Улсын Интерактив ХХК амжилттай нэвтрүүллээ. Үүнтэй холбогдуулан ОҮИТБС-ын Удирдах зөвлөлийн даргын нэрэмжит шагналаар шагнагдсаны та бүхэн мэдэж байгаа.
Ингэснээр уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэг зэрэг мэдээллийг www.eitimongolia.mn авах боломжтой боллоо.
Хайгуулын 1164 тусгай зөвшөөрөл олгоод байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 3915 дугаар олгосон байна. Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.
Үүнээс:
- Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн- 1164
- Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн- 481
- Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан- 652
- Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 38 өргөдөл байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа бөгөөд ойрын хугацаанд олгох үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.
Мөн эрдэсийн хуримтлал бүхий 63 талбайд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж 27 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна. Цаашид энэ хэлбэрийн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх болно.
“MONGOLIA MINING 2016” үзэсгэлэн боллоо
“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн 6 дахь удаагийн үзэсгэлэн энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо. Энэхүү арга хэмжээнд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Төрийн өмчит компаниуд оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар үзэсгэлэнд оролцогчдод мэдээлэл хийсэн.
Тус үзэсгэлэнд 15 орны 120 орчим компани оролцож уул уурхайн үйл ажиллагаа, менежмент, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг, тээвэр, ложистикийн үйлчилгээ, материал, тоног төхөөрөмж, уул уурхайн кэмп, кэйтэрингийн үйлчилгээ зэрэг энэ салбарт хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан.
Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийгдсэн ажлууд
Уул уурхайн сайд Р.Жигжид Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Долана Мсимангийг хүлээн авч уулзав. Элчин сайд хатагтай Долана Мсиманги Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн түүнчлэн Уул уурхайн сайд Бүгд Найрамдах Чех Улсын Экспортын баталгаа, даатгалын корпорацийн Экспортын зээлийн даатгал хариуцсан захирал Дана Пуцеликова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг “Рашаант” өртөөнд барьж байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг сайшааж, цаашид хийх шаардлагатай ажлын талаар санал солилцсон байна.
Мөн тэрээр “Сентерра Гоулд” корпорацийн Ерөнхийлөгч Фрэнк Херберт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр Гацууртын ордын Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээний явцын талаар ярилцаж, ойрын хугацаанд гэрээнүүдийг эцэслэн шийдэх талаар санал солилцов. Мөн Япон Улсын Токио хотын Итабаши дүүргийн дарга Т.Сакамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны 4 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах дэд комиссын 6 дугаар хуралдаанд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдааны үеэр хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах дэд комиссын 5 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан ажлын биелэлтийн талаар санал солилцов. Хятадын талаас хоёр орны эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, геологийн суурь судалгааны ажлыг тэлэх, нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг тодорхой болгох, үнэ, татварын талаар дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг Монголын талд тавьсан.
Геологийн төв лаборатори гурвалсан стандартаар итгэмжигдлээ
Монгол улсын Геологийн Төв Лаборатори нь үйл ажиллагаандаа ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043 гэсэн гурвалсан стандартыг нэвтрүүлж Монголд анх удаа “ПЛАТИНУМ” түвшинд АНУ-ын Үндэсний Итгэмжлэлийн байгууллага (ANAB)-аар итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага болсон. ANAB -аар итгэмжлэгдсэн 800 лаборатори, байгууллагаас зөвхөн 5 нь ийм гурвалсан итгэмжлэл авсан байдаг аж.
Геологийн Төв Лаборатори нь гурвалсан стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд итгэмжлэгдэн, шинжилгээний чанар, боловсон хүчний чадавхи, техникийн түвшин олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа нь Монгол Улсын эрдсийн шинжилгээний салбарт гарсан аливаа маргаантай асуудлыг шийдэх, таслах эрхтэй “Лавлагаа лаборатори” буюу олон улсын нэршлээр “Reference laboratory” болох бүрэн чадамжтай боллоо.
Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
2016 оны эхний 3 сарын байдлаар нүүрс 5.2 сая тонн, алт 1.8 тн, газрын тос 305.2 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос тус тус экспортлосон байна.
Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл
2016 оны эхний 3 сарын байдлаар Ашигт малтмалын газар 7.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 27.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Уул уурхайн сайдын багцын орлогоор 34.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Ердийн хэрэглээний 51 хоногийн нөөцтэй байна
2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ