Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
2016-04-28

Монголбанк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилэн дансны санаачилгыг дэмжиж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд  байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн цахим хуудас /http://www.mongolbank.mn/-ны “Шилэн данс” цэсээрээ дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

 

Энэ ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээлэл”-ийн жагсаалтыг баталж, 11 мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр зааснаас долоо хоног, сар тутам дөрөв, хагас жил тутамд нэг, жилд 2 мэдээг цахим хуудаснаа 2015 оны эхнээс хуульд заасан хугацаанд тогтмол байршуулж байна.

 

Өнгөрсөн хугацаанд захиргааны орлого, зардал болон хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын үйл ажиллагаа, бусад гэсэн үндсэн 3 дэд цэсийн хүрээнд дараах 191 мэдээ, тайлан, мэдээллийг Монголбанкны цахим хуудсанд байршуулжээ:

 

-Захиргааны орлого, зардлын төсөв, гүйцэтгэлтэй холбоотой дөрвөн төрлийн (төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ, орлого зардлын тайлан, төсөл, төсөв) 72 мэдээ, тайланг;

 

-Хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хоёр төрлийн (Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн зарлага, санхүүжилт, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг) 60 мэдээлэл;

 

-Монголбанкны аудитлагдсан санхүүгийн тайлан, Санхүүгийн тайлангийн тодруулгатай холбоотой хоёр мэдээлэл;

 

-Тендер, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 42 мэдээлэл;

 

-Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 15 удаагийн мэдээ.

 

УИХ-аас томилогдсон Монголбанкны хяналтын зөвлөл болон олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллага нь Монголбанкны санхүүгийн тайлан, мэдээллийг хянан үзэж, холбогдох тайлан мэдээлэл нь дотоодын хууль журам, олон улсын стандартад нийцтэй эсэхэд тогтмол хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлаар Монголбанкны цахим хуудасны “Шилэн дансны” мэдээлэлтэй танилцаж, хуулийн хэрэгжилтийг тогтмол шалгаж байх талаар Хяналтын зөвлөлийн дараа жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэсэн байна. 

 

Түүнчлэн шилэн дансны мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх үүднээс Засгийн газрын shilendans.gov.mn цахим хуудаснаас Монголбанкны “Шилэн данс” цэс рүү шууд шилжих холбоосыг хийж, мэдээллийг хоёр газраас зэрэг авах боломжийг бүрдүүллээ. 

 

 

Монголбанкны шилэн дансны мэдээллийг https://mongolbank.mn/shilendans.aspx холбоосоор орж үзнэ үү.

 

 

Shuud.mn
Сонин хачин