”Оройн дээд” гурван муза хүртэв

img

 

Театр урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза 2016” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ.

 

Наадмын хүндэтгэлийн улаан хивсний ёслол Улсын Драмын эрдмийн театрын гадна талбайд 15.00 цагт эхэлсэн. Үргэлжлүүлэн шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж байна.

 

Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг тайзны зураач номинацид:

 

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд


-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын "Гэгээн тамлан" жүжгээр тайзны зураач  С.Гантулга


-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын "Дуун хэлхээ" жүжгээр тайзны зураач н.Амартүвшин нар тус тус нэр дэвшжээ.

 

Үүнээс ҮДБЭЧ-ын зураач Д.Ганболд “Оройн дээд” дуулалт жүжгээр шилдэг зураачын шагнал хүртэв. Тэрбээр шагналаа гардан авсны дараа “Энэ бол ганцхан миний шагнал биш. “Оройн дээд” дуулалт жүжиг бол 250 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөр шингэсэн, 65 жилийн үе үеийн уран бүтээлчийн хичээл зүтгэл багтсан бүтээл гэж хэлмээр байна” хэмээв.

 

 

Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүр номинацид:

 

-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай

 

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн Чимхэн хааны дүрээр жүжигчин н.Түвшинжаргал

 

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын “Дуун хэлхээ” жүжгийн Алтансүхын дүрээр жүжигчин н.Соронзонболд нар нэр дэвшив.

 

Үүнээс “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай “Гэгээн муза” хүртлээ. Тэрбээр “Хүн их давруу байдаг юм байна. Эхлээд би энэхүү наадамд нэр дэвшихийг хүсч байсан. Дөнгөж сая би энэ театрын суудалд сууж байхдаа тайзан дээр гарч шагнал авахыг хүсч байлаа. Хүсэл биеллээ. Тийм учраас намайг энэхүү дүрд сонгож тоглуулсан найруулагчдаа баярлалаа” хэмээв.

Тус номинацийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин н.Одонтунгалаг шагнал хүртлээ.

 

 

Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг найруулагч номинацид:

 

-“Оройн дээд” дуулалт жүжгийн найруулагч Д. Ганболд

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай

-Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын "Дуун хэлхээ" жүжгийн найруулагч н.Баярсайхан нар нэр дэвшлээ.

 

Үүнээс “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай шилдэг найруулагчаар шалгарав. Тэрбээр "“Оройн дээд” дуулалт жүжигт алдартай уран бүтээлчид оролцсон учраас хүчтэй өрсөлдөгч бүтээл байлаа. “Гэгээн тамлан” бүтээлийн зохиолыг Б.Лхагвасүрэн гуай бичсэн. Тэгэхээр зохиол нь өөрөө агуу юм. Б.Лхагвасүрэн гуайд баярлалаа. Театрын хамт олондоо баярлалаа. Арыг минь дааж байдаг ханьдаа баярлалаа. Урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Урлагийн тэнгэр, “Гэгээн муза” наадмын тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” хэмээв.

 

Түүнчлэн Хөгжимт жүжгийн  төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ