“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг үзэгчид шүүнэ

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхийн дагуу эх орондоо хийх болсон тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар өнөө орой 20:00 цагт үзэгчдэд хүрэх гэж байна.
Нэвтрүүлэгт найман уран бүтээлч оролцож Монголын болоод дэлхийн алдартнуудын дүрд хувирсан гайхалтай үзүүлбэр үзүүлэх юм. Нэвтрүүлгийн найман оролцогчоор “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдсон бөгөөд өөрсдийн хамгийн анхны үзүүлбэрээ энэ үдэш танд хүргэх юм байна. Тэд алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрх гээд бүгдийг дуурайн яг түүн шиг хувирч дэлхийн одуудыг нэгэн тайзнаа авч ирэх аж.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шүүгч нар найман оролцогчийн үзүүлбэрт 4-12 оноог өгөхөөс гадна оролцогчид өөрсдийн таалагдсан нэг үзүүлбэрт 3 оноо өгөх эрхтэй юм. Ийнхүү долоо хоног бүр хамгийн өндөр оноо авсан нэг оролцогч нэвтрүүлгийн ялагчаар тодорч гурван сая төгрөгөөр шагнуулна.
Түүнчлэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг үзэгчид шүүх боломжийг олгож байгаа гэнэ. Нэвтрүүлгийн найман үзүүлбэр гарч дууссаны дараа санал хураах шугам нээгдэх бөгөөд тухайн өдрийнхөө 00:00 цаг хүртэл үргэлжилж дуусах юм. Ийнхүү үзэгчдээс хамгийн их санал авсан нэг шилдэг оролцогчийг шалгаруулж үзэгчдийн санал хураалтаас ирсэн орлогын тодорхой хувийг “Мазаалай хамгаалах сан”-д хандивлах болно хэмээн уран бүтээлчид мэдэгдэж байна.
Дэлхийн одуудыг та бүхэнтэй уулзуулах “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхэд хэдхэн цаг үлдлээ. Нэвтрүүлгийг долоо хоног бүрийн 20:00 цагаас “Боловсрол” телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ