Усан спортын холбоог Ч.Улааны “гар хөл” самарч байна

Монголын улстөрчид бүгд л ямар нэг холбооны ерөнхийлөгч гэх сэтэртэй байдаг. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Улаан. Тэрбээр Монголын усан спорт сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн албатай. 2006 онд тус холбооны Ерөнхийлөгч болсон ч өнөөг хүртэл дорвитойхон ганц ч ажил хийгээгүйг усныхан ярьж байна.
“Хараа голын хөвөөнд өссөн болохоор усанд сайн" гэж өөрийгөө рекламдах дуртай эрхэм Ерөнхийлөгч Ч.Улаан үнэндээ холбооны ажлыг ганц хүний үгээр хийж ирсэн ба сэтгэл гаргаагүй өдий хүрчээ. Тиймдээ ч 2006 оноос хойш холбооны их хурлыг нэг ч удаа хийгээгүй. Тус холбооны дүрмэнд их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийж, удирдлагуудыг сонгоно хэмээн заасан. Нэг үгээр хэлбэл Ч.Улааныг “авч хаях” хурлыг санаатайгаар хойшлуулсаар 10 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд гадаадын тэмцээн уралдаанд явах тамирчдыг зөвхөн өөрийн үзэмжээр сонгосон гэхчлэнгээр усны тамирчин, багш нарт гомдоллох асуудал цөөнгүй байна. Тэд энэ тухай мэдээллийг тун удахгүй олон нийтэд ил болгохоор зэхэж буй гэнэ лээ.
Ганцхан жишээ дурдъя. Дэлхийн улс орнууд шилдэг тамирчдаа олимпод илгээдэг, эх орныхоо нэрийг гаргахын тулд. Харин манай усан спортын холбооныхон шилдгүүдээ бус танилуудаа олимпод явуулахаар нэрийг нь өгөөд байна. Анх дөрвөн тамирчинг олимпод явуулахаар болсон ч хоёрынх нь нэр хаашаа ч юм “алга” болчихсон. Хамгийн сонирхолтой нь цагаан хуудсаар олимпод оролцох Дэлхийн усан спортын холбооны шаардлагыг зүй ёсоор хангаж буй хоёр тамирчны нэр Олимпийн хороонд очоогүй. Харин Ч.Улаан, Х.Энхмандах нарын хүний нэрс Риог зорих тамирчдын дунд бий.
Дэлхийн усан спортын холбооноос олимпод цагаан хуудсаар оролцох тамирчдад хоёр шаардлага тавьдаг. Өөрийн орны тэмцээнд аварга нь болсон тухай оны шилдэг тамирчин. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын усны холбооноос зохион байгуулсан уралдаанд оролцсон байх гэсэн шаардлагыг хангасан тамирчид олимпод орох эрхтэй. Өдгөө нэр нь “алга болчихоод” байгаа спортын мастер Б.Энххүслэн, М.Дэлгэрхүү нар энэ шаардлагыг хангалттай хангасан, 2015 оны шилдэг тамирчид. Бас насны хувьд ч залуу. Харин холбооны удирдлагуудын үзэмжид таалагдсан ОУХМ Б.Дөлгөөн, дэд мастер Б.Есүй нарт хамт бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид болоод багш нар нь төдийлөн найдлага тавихгүй байгаа гэнэ лээ. Учир нь тэдний нас аль хэдийнэ 30 гарцан.
Усны холбоон дээрх Ч.Улааны гар хөл нь тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах юм. Саяхан Ч.Улаан, Х.Энхмандах хоёр хамтарч, холбоон дээр хөөрхөн жүжиг тогложээ.
Х.Энхмандах 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн холбооны II Их хурлын огноотой давхардуулан өөр нэг огт хуралдаагүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо-ТББ” хэмээх байгууллагыг 2010 онд байгуулж Улсын бүтгэлийн ерөнхий газар бүртгүүлж шинээр гэрчилгээ авчээ. Тэгээд зогсохгүй хууль бус тэмдэглэлээ үндэслэн “Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо-ТББ” дүрмийг батлах, 1 үүсгэн байгуулагчтайгаар Удирдах Зөвлөлийг 5 гишүүнтэй байх шийдвэр гаргажээ. Хуурамч хурлын тэмдэглэл, бичиг баримтдаа МУССХ-ны тэргүүлэгч гишүүн Р.Бадрах, Г.Баясгалан, Ш.Дөрвөнжин нарын гарын үсгийг мөн дуурайлган хуурамчаар зурж ашигласан нь илрэв. Тэгэнгүүт Ерөнхийлөгч Ч.Улаан нь тушаал гаргаж, Х.Энхмандахыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Үнэндээ бол Ч.Улааны тушаал холбооны албан тамгатай бланкан дээр бичигдэлгүй хэд хоносон аж. Хэсэг хугацааны дараа Х.Энхмандах өөрийгөө ажлаас чөлөөлсөн Ч.Улааны гарын үсэгтэй бичиг авчрахдаа өөр нэг сюрпризтэй холбоон дээр иржээ. Тэр нь энэ сард багтаан хуралдуулах холбооны их хурлын комиссын даргаар өөрийнхөө нэрийг хэвээр үлдээсэн нь хуйвалдаан үргэлжлэхийг тодорхой болгожээ. Одоо мань хүн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа эргэн очихоор холбооны гишүүдийг ятгаж яваа гэнэ лээ.
Монголын усан спорт сонирхогчдын холбоог 1991 онд “Дэвшил” компанийн захирал Д.Төмөрбаатар, одоогийн тэргүүлэгч гишүүдийн нэг Р.Бадрах нарын хүмүүс үүсгэн байгуулсан. Харин өнөөдөр тус холбоог Ч.Улаан үүсгэн байгуулсан гээд улсын бүртгэлд цагаан дээр хараар бичүүлцэн. Тэгээд зогсохгүй ганцхан гишүүнчлэлтэй. Тэр нь Ч.Улаан. Өөрөөр хэлбэл Монголын усан спорт сонирхогчдын холбоо гэх олон нийтийн статустай, гишүүнчлэлтэй байгууллагыг Ч.Улаан хувийн өмчөө болгосон гэсэн үг. Тэр хувийн өмчид нь түүний гар хөл болсон Х.Энхмандах гэх хүн дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болчихоод байгаа нь тус холбооны гишүүд, тамирчид, багш нарын эрх ашигт ноцтойгоор нөлөөлж эхэлжээ.
Усны холбоонд хийж буй Ч.Улааны увайгүй үйлдлийг цөөн хэдэн хүн мэднэ. Харин улс төр дэх түүний увайгүй занг олон түмэн харж буй. Өөрийг нь улс төрийн тавцанд гаргасан МАН-аасаа 2012 онд урваж, МАХН-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалуудад томилогдож, чамгүй хувь хүртсэн ч тэр намаасаа урвасан. Ээлжит сонгуулийн өмнө урваж, шарвадаг зан нь энэ удаа ч сэдэрч, МАХН-аас урваж, нэгэн цагт хаяад явсан МАН-ынхаа хаяаг бараадаж байна. Ичих нүүр, цочих булчирхай гэж түүнд алга. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлснээр албан тушаал горьддог нэгэн гэдгээ дахин харууллаа. Ирэх сонгуульд МАН илүү шаанстай байх нь гэх таамаг Ч.Улааны урвах “өвчин”-ийг сэдрээж, бөөлжсөн бөөлжисөө эргэж долооход хүргэв. Тэрбээр эхнэрээ ч, намаа ч солихыг юман чинээ боддоггүй нэгэн аж.
Улс төр дэх түүний урвалт, шарвалт, увайгүй үйлдэл нь олон нийтэд шууд нөлөөлөхгүй. Харин усан спорт дахь түүний муу хаялга тэндээс хоолоо олж идэж байгаа олон хүний хувь заяанд сөрөг нөлөөтэй. Монголд усан спорт хөгждөггүй, олигтойхон усан бассейн байдаггүй, гадны тэмцээн уралдаанд дорвитой амжилт гардаггүй зэрэг нь холбооны удирдлагатай шууд холбоотой. Өөд нь татаж авч явах ёстой холбоо нь уруу нь татаж, самарч байхад усан спортын тамирчдаас бид юу ч хүсэх билээ.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ