Э.Амартүвшин: “Метрополитан”-ы тайзнаа дуулахыг мөрөөддөг

img

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин энэ сарын 11-нд өөрийн бие даасан анхны тоглолтоо Улаанбаатар хотноо хийх гэж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

-Италийн хоёр хотод тоглолт хийгээд иржээ. Анхны тоглолтоо эх орондоо хийсэн бол гэх багахан  харамлах сэтгэл төрж байлаа.

 

-Бид зөвхөн монголдоо байгаад байхгүй. Би 2011 онд Украйны хоёр хотод ганцаараа биш гурав, дөрвөн дуучинтай хамтарсан тоглолт хийж байлаа. Түүний дараа ОХУ-ын Санктпетрбург хотын Д.Д.Шостаковичийн нэрэмжит филармонийн алдартай зааланд бие даасан тоглолтоо хийж байлаа. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 29,30-нд Италийн хоёр хотод хоёр удаа бие даасан тоглолтоо хийгээд эх орондоо ирээд байна. 2011 оны үед гадны агентлагуудтай хамтарч ажилладаг байсан учраас тухайн улс оронд нь тоглолт хийх саналыг нь хүлээж авсан хэрэг. Тэдний саналаас татгалзах боломжгүй шүү дээ. Тэгээд ч сургуулиа дөнгөж төгссөн байсан учраас монголынхоо ард түмэнд юу сурсан мэдсэнээ харуулахад эрт байсан. Мэргэжлийн түвшний өндөр хэмжээний тоглолт  үзүүлэхийн тулд өөрөө  өсөж өндийх ёстой. Тэр утгаараа хойшлуулж байлаа. Харин энэ жил цаг нь болсон гэж үзсэний үндсэн дээр ийнхүү тоглолтоо хийхээр зориглоод байна.

 

-Эх орондоо тоглоно гэхээр сэтгэл их хөдөлж байна уу?

 

-Мэдээж сэтгэл маш их хөдөлж байна. Баяртай байхын хажуугаар өндөр хариуцлага хүлээж буй учраас бага зэргийн айж байгаа. Энэ бол амаргүй ажил.

 

-Тоглолтоор олон сайхан сонгодог бүтээл дуулна биз ээ?

 

-Би нэрлэе. Ж.Вердийн “Риголетта” дуурийн Риголетийн ари, “Багт наадам” дуурийн Ренатогийн ари, “Хэрмэл жүжигчид” дуурийн Прологийн ариг дуулна. Мөн Монголын хөгжмийн зохиолчдийн бүтээлээс Х.Билэгжаргалын “Ламба гуайн нулимс” дуурийн Лодонгийн ари, Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари, Орос хөгжмийн зохиолчийн бүтээлээс “Игор ван” дуурийн Игор ваны ари, “Тоска” дуурийн нэгдүгээр үзэгдлийн төгсгөлийг, “Андреа шениер” дуурийн Жерардын ариг дуулна. Мөн Жанцанноров гуайн “Чиний минь нулимс” хэмээх монгол романс зэрэг нийт 13 бүтээлээс бүрдсэн тоглолт хийнэ.

 

-Энэ бүгдээс Монголын театрын тайзнаа дуулаагүй бүтээл бий юу?

 

-Эдгээр бүтээлийг би олон улсын театрын тайзнаа болон тэмцээн уралдаанд маш олон удаа дуулсан. Монголд дуулаагүй ч гадны уралдаан тэмцээнд дуулсан гурав дөрөв бүтээл байна. Тухайлбал манайхан одоо л шинээр дуулж байгаа, би хамгийн анх дуулна гэж хэлэхэд хилсдэхгүй “Андреа Шениер” дуурийн Жерардын ариг нэрлэж болно.

 

-Гадаадад хэдий хэр өртөгөөр тоглож, эх орондоо ямар үнээр тоглох вэ. Сонирхож болох уу?

 

-Би гадны тоглолтын үнэ өртөгийн асуудалд оролцдоггүй. Би бол зөвхөн дуулах л үүрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудлыг тухайн орны уран бүтээлчид өөрсдөө зохицуулдаг. Харин УДЭТ-т тоглох энэхүү тоглолтын тасалбарыг 80-100 мянган төгрөгөөр худалдаана.

 

 

-“Кардифын дуу хоолой” тэмцээний шилдэг тавд үлдсэн. Энэ таны урлагийн замд маш том нөлөө үзүүлсэн болов уу?

 

-Кардифын тавын нэгд үлдсэн байхад тэр дуучны карьер эхэлдэг гэж хэлж болно. Энэ бол дуучин болгоны мөрөөдөл. Энэ уралдаан миний амьдрал, урлагийн зам мөрт том нөлөө үзүүлсэн.

 

-Мөн өнгөрсөн сард Сөүлийн наадамд гуравдугаар байр эзэллээ.

 

-Тэрхүү наадам миний хамгийн сүүлийн конкурс. Олон улсын чанартай том уралдаан болдог юм билээ. Энэ уралдаанд гуравдугаар байрын шагнал хүртсэн. Энэ бол чамгүй амжилт. Нийт 16 гадны орны дуучид, 40 солонгос дуучин оролцож сүүлийн шатанд 6 дуучин үлдсэн. 4 нь Солонгос, хоёр нь гадаад. Миний хувьд маш хэцүү бэрх даваан дундаас гарч ирж гуравдугаар байрын шагналыг авсан.

 

-Сүүлийн тэмцээн гэхээр дахиж тэмцээнд орохгүй гэсэн үг үү?

 

-Бидний хувьд уралдаан, тэмцээнд орох нас дуусч байна. Уралдаанд оролцох дээд нас 33, зарим нь 32 гэдэг. Одоо би 30 настай. Тэгэхээр үндсэндээ 2 жилийн хугацаа л үлдсэн байгаа юм. Хэдий надад хоёр жил үлдсэн байхад би оролцох ёстой дэлхийн том уралдаануудыг дуусгачихаад байна. Хэрвээ өөрөө орохыг хүсвэл ганц нэг том уралдаан байж магадгүй.

 

-Дэлхийн олон оронд эх орныхоо нэрийг гаргасан. Олон ч тайзан дээр дуулсан. Ингэж явахдаа Монголынхоо сонгодог урлагийг дэлхийн хаана явааг олж харсан л биз дээ?

 

-Ямартай ч манай сонгодог урлаг хөгжиж байна. Манай театр байгуулагдаад бараг 60 жил болжээ.  Анх байгуулагдаад социализмын үед Болгарь, Орос зэрэг оронд ур чадвартай боловсон хүчнүүдийг бэлтгэдэг байсан. Тэр олон гайхамшигтай буурал багш нарын минь дуулж байсан өргөн түүхтэй театрын залгамж халаа болж яваа уран бүтээлчид олон улстай мөр зэрэгцэх хэмжээнд очихуйцаар хөгжиж л байна. Гэхдээ дэлхийн сонгодог урлаг цусан нь шингэсэн шилдэг театрын уран бүтээлчидтэй харьцуулах юм бол бага. Гэвч манайх тэр зүгт ойртож л байна.

 

-Олон улсын алдартай театруудаас ажлын санал ирж байна уу?

 

-Маш олон санал орж ирдэг. Гэхдээ байнгын ажилчны орон тоогоор биш. Тодорхой хугацаагаар гэрээ хийх санал олон ирж байна. Гэрээ хийж байгаа. Тухайлбал, тавдугаар сарын сүүлээр Англи улсын Лондон хотод тоглоно. Түүний араас Герман, Итали зэрэг хотод 2017 оны зургаадугаар сар хүртэл урт хугацаагаар ажиллах гэрээ яригдаж, гарын үсэг зурах шатандаа ороод байгаа. Ажлын санал маш их ирдэг.

 

-УДБЭТ-аа орхих уу?

 

-Монголын дуурийн театраасаа түр завсарлана. Орон тооны дуучнаараа байгаад ч юм уу, эсвэл түр завсарладаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэх байх. Энэ жил орж ирж байгаа эхний ажлын саналууд энэ шүү дээ. Цаашаа улам л олон болох байх. Ер нь Монголд байх цаг хугацаа багасах юм шиг байна.

 

-Гавьяат Г.Ариунбаатар “Би дуурийн урлагт Монгол гэж тамгалмаар байна” хэмээж байсан. Харин таны цаашдын хүсэл, зорилго?

 

-Зөндөө зөндөө. Тэр бүхнийг тоочвол барагдахгүй. Би дөнгөж гарч ирж байгаа залуу уран бүтээлч. Дөнгөж дэлхий рүү гарах замаа тавьж эхэлж байна. Тэгэхээр болоогүй. Ирээдүйд маш их ажил төлөвлөж байгаа. Би “Метрополитан”, “Ла Скала” зэрэг дэлхийн том том театрын тайзнаа гарч үзэхийг, дуулахыг мөрөөддөг. Мөн баритон хоолойн том том дүрүүдийг бүтээхийг хүсч байна. Отелло дуурийн Яго, Набуко, Макбет гээд л. Одоо бидний явах ёстой зам бол дэлхийн том том дуурийн театруудад, том дуурьт, том уран бүтээлчидтэй дуулах карьеараа эхлэх ажил үлдэж байгаа юм.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdene:
Aldaa nairuulga muutai yum lichee ve???
2016-05-10