Сэлгээ хийхгүй ч сайдаа томилмоор байна

Сонгуулийн их ажлын дундуур суудал нь ганхаж болзошгүй асуудал Засагт үүсээд байгаа. Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг таран бутарлаа. Парламент бүрэлдэхэд 11 гишүүнтэй эхэлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, дараагийн сонгуулийн циклийн мөчлөг ирсэн энэ үед ердөө 4-хөн гишүүнтэй үлдэв.
Тус эвслийн бүлэг дэх МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарч МАН-д элссэн. Г.Уянга, Л.Цог нар Тусгаар тогтнол-эв нэгдлийн нам байгуулж, өрх тусгаарласан. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил нар МҮАН-аасаа гарах өргөдлөө өгчихсөн. “Шударга ёс” эвсэлд эдүгээ Шадар сайд Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, БХ-ын сайд Ц.Цолмон болон О.Баасанхүү нарын гишүүн бууриа сахин үлдлээ.
УИХ-ын дэгийн тухай хуулиар 8-аас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах эрхзүйн чадамжтай байдаг. Тиймээс эрх зүйн чадамжгүй болсон “Шударга ёс” эвслийн бүлэг задарсныг УИХ-ын дарга мэдэгдсэн.
Гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хуучин угшил руугаа эргэж ирсэнээр МАН-ын бүлэг эдүгээ 30 гишүүнтэй боллоо гэж чанга дуугарч байна лээ. Хэрвээ эвслээсээ гарч байгаа М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элсвэл эрх баригчдын бүлэг 37 гишүүнтэй болох юм билээ. Энэ нь парламентад албан ёсоор олонхи болоход бас л ганц хуруу дутахаар байгаа. Гэсэн хэдий ч Засгийн сайд нарын чөлөөлөх томилоход асуудал үүсэхгүй, нэгдэхээ мэдэгдсэн ИЗНН-ын хоёр гишүүн АН-ыг дэмжээд явна.
Эвслийн бүлэг задарснаар Засгийн газар “Шударга ёс”-ын гишүүдийг чөлөөлөх асуудал үргэлжилнэ. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бүлэгтэй нь биш “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан учир сайд нарын асуудал хөндөгдөхгүй гэсэн тайлбар хийсэн.
Уг нь парламентад олонхи болоогүй ч олон суудал авсан эрх баригч хүчин АН-д одоо л Засгийн газрыг дангаараа бүрдүүлээд явах боломж гарч байгаа. Улс төрд өнөөдөр сонгуулийн цаг хугацааны хуваарийг мөрдөх дэг үйлчилж байгаа. Энэ үед Засгийн газрын асуудал сөхөгдөх нь улс төрийн намын рейтэнгид ч, нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх хэсэг байгаа.
Эрх баригчид Засгийн газрыг тогтвортой байлгах зарим сайдуудыг чөлөөлөхгүй, танхимаар нь ажиллуулж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгох шийдвэрт хүрсэн байх талтай.
Гэхдээ улаан бурхан газар авч, халдварт өвчин нэмэгдэн, хүний амь эрсэдсэнд хариуцлага тооцохыг парламент дахь улс төрийн хүчин төдийгүй иргэд шаардаад Засгийн газрын тэргүүнээс тусыг эс олж, өнөөдрийг хүрсэн. Засагт хамтарсан “Шударга ёс” эвсэл дэх МАХН ЭМС-ын сайдын томилгоог гацааж хагас жил хүн ардын эрүүл мэндээр тоглосныг үл ойшоон толгойг илээд суух Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс өөр байхгүй болов уу. Харин одоо Ерөнхий сайдад хамтарсан намаас хариу хүлээх шаардлагагүй болсон. Тиймээс сонгууль гэж шалтаглахгүйгээр ЭМС-ын сайдын нэрийг Засгийн газрын тэргүүн эрх мэдлийнхээ хүрээнд өргөн барьж парламентаар томилуулан, танхимаа ч бүрэн ажиллуулмаар.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ